2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдсэн байна.
Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын I улирлын амралтыг арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.
Ирэх хичээлийн жил III улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.
Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна.
Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Энэхүү хуваарийг сургуулиудад даруй хүргүүлнэ. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно. Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм.
Хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхад анхаарч ажиллана.
Бие даалтын хугацаанд сурагчид музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!