Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал ЧУ Донгиу Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад энэ сарын 10-12-нд албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Др. ЧУ Донгиу нь ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал нь бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Айлчлалын үеэр Др. ЧУ Донгиу Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд болон холбогдох яамдын сайд нартай уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоог бий болгох чиглэлд Монгол Улс болон ХХААБ-ын хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон.
Тэгвэл өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн салбарт жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзлаа.
Энэ уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүргийг онцгойлж, тэдний оруулж буй хувь нэмрийг тодотгон эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтын талаар ярилцсан юм.
Монгол Улсад хүнсний хангамжийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй тогтолцоог бий болгоход ХХААБ-ын дэмжлэгийг бататгахын сацуу эмэгтэйчүүд хөдөө аж ахуйн хөгжилд оруулах хувь нэмэр болон үр өгөөжийг нь ижил тэгш хүртдэг боломжийг бататгах цаашдын хамтын ажиллагааг бий болгох талаар ХХААБ-ын Ерөнхий захирал ЧУ Донгиу уулзалтын үеэр онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!