Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн жилийн наадмаар найман хүн усны ослоор амь эрсэдсэн гашуун сургамж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОБЕГ-аас баяр, амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв, нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө.

Хурлын үеэр усны ослоос сэргийлэхийг зөвлөлөө. Энэ он гарснаар 40 хүн усны ослоор нас баржээ. Эдгээрийн 9 нь бага насны хүүхэд.

Энэ талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ "Энэ он гарсаар 40 хүн усны ослоор амь эрсэдсэн байна. Баяр наадмаар иргэд олон хоног амарч, усанд осолдох аюул эрсдэл байдаг.

Тухайлбал

  • 2019 оны наадмаар 14
  • 2020 онд 17
  • 2021 онд 26
  • 2022 онд 20
  • 2023 оны наадмын амралтын өдрүүдэд найман хүн усны ослоор амь эрсэдсэн гашуун сургамж байна.

Иргэдийн аялах, амрахыг хориглоогүй, аюулгүй байдлаа хангаж, зөв зохистой өнгөрөөхийг сэрэмжлүүлж байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд таван хүн, өчигдөр буюу Даваа гарагт нийслэлд нэг, Сүхбаатар аймагт нэг, Увс аймагт нэг хүн усанд осолдож нас барсан харамсалтай явдал боллоо.

Морь, мотоцикл, тээврийн хэрэгслээр гол мөрнийг гатлах, усанд сэлэх гэж байгаад амь насаа алдаж байна.

Хүмүүс бассейнд сэлж сурчхаад гол, мөрний усанд сэлчихнэ гэсэн ойлголттойгоор ороод амь эрсдэх тохиолдол байна. Усанд сэлж чаддаг хүн эндэх нь их байна. 

Хүүхдэд тавих хараа хяналт суларснаас усанд эндэж байна.

Малчид голын эрэг, сайрт бууж, үерт автсан үед амь нас, мал, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол байна. Хоёр хоногийн өмнө Архангай аймагт аадар бороо орж, голын сайрт зусаж байсан айлын 200 гаруй мал хорогдсон. Хэнтий аймагт голын арал дээр буусан айл усанд автаж таван хүнийг амийг аварсан ч малыг гаргах боломжгүй байсан.

Гол усны ойролцоо гүүр барих зэргээр ажлаа хийж байгаад эндэх тохиолдол байна.

Иргэд амрах, аялахаар зорчиж явахдаа тааралдсан гол, нуурт усанд орохгүй, голоос зайтай газар амрах шаардлагатай.

Малчид голын эрэг, сайраас хол зусах, хүүхдийг байнгын хараа хяналтдаа байлгахыг зөвлөе.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, усны ойролцоо отоглохгүй байх нь эрсдэлээс хамгаална" гэж зөвлөв.

Жуулчны баазууд ихэвчлэн голын эрэг дагуу байрладаг. Тиймээс амрагчдын аюулгүй байдалд анхаарч, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч байх хэрэгтэйг тэрбээр онцоллоо.