Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо.
Тус ёслолын дараа УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Эрчим хүчний салбар маань ерөнхийдөө хүнд цаг үеийг туулаад явж байна. Хэрэглээ суурилагдсан хүчин чадлаа давчихсаныг мэдэж байгаа. Магадгүй үүнийг 2025, 2026 онд шийдчих болов уу гэсэн байдалтай явж байна.
Энэ аравдугаар сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегаваттын блок ашиглалтад орно. Тавантолгойн цахилгаан станц дээр өнгөрсөн жилийн долдугаар сард 300 мегаваттын хүчин чадалтай станц барихаар тендер зарлаж, хоёр оролцогч орсон.
Харамсалтай нь маргаан гарч, шүүхийн шатандаа явж байна. Ойрын хугацаанд нэг талдаа гараад шийдэгдчих болов уу. Эхлүүлсэн төслүүдээ дуусгах шаардлагатай байна.
МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ МАН дангаараа бүх мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэж явахгүй байгаа.
Бусад нам ч гэсэн ард түмний нэг хэсэг. Бидний олж хараагүй зарим зүйл бусад улс төрийн намд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хамтрахад татгалзах зүйл алга байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!