Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225, Өмчлөх эрхийн эсрэг 94, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг ес, Авлига, албан тушаалын тав, Хүний амьд явах эрхийн эсрэг тав, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Гашуунсухайт боомт дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Т нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдүүлсэн импортын бараа, нүүрс тээврийн автомашинуудын бичиг баримтыг түргэн шуурхай шалгаж, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон 7.8 сая төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн, албан хэрэгцээндээ ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.О, М.Н, Ж.Б нар нь иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, иргэн Ц.Э-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 /Бага насны хүүхэд хүчиндэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.О нь иргэн Г.Э-г ажилд томилох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн С.Ж, М.Б, Н.Т, Д.Д нар нь улсын тусгай хамгаалалтай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- Сүхбаатар аймгийн прокурорын газраас “Э” ХХК-г хариуцан ажиллаж байсан Я.Ц нь компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадуур 3195 м² газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль экологид 93.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн А.М нь ашиг олох зорилгоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!