Уншиж байна ...

Н.Мандуул: Нийслэл ₮500 тэрбумын бондыг цан цохиж арилжихад цагийн дотор худалдаж авах захиалга дүүрсэн

Б.Манлай
2024 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хот 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, арилжаалсан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хот анх удаагаа хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн бүтээгдэхүүн буюу бонд гаргаж, амжилттай арилжааллаа.

Нийт 500 тэрбум төгрөгийн бондыг цан цохиж арилжаа эхлүүлснээс хойш цагийн дотор худалдаж авах захиалга дүүрсэн. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүний эрэлт их байсныг харууллаа.

Нийслэлийн бонд "өгөөжийн өрөө" гэж ярьдаг зах зээл дээрх суурь хүүг тогтоосноороо онцлог болсон. Бодлогын хүү 11% байдаг. Бонд нь нэг жилийн хугацаатай бол 12%, гурван жилийн хугацаатай нь 13%, гурван жилийн хугацаатай бол 14%-ийн хүүтэй гарсан. Ингэснээр санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах, хувийн хэвшлүүд бүтээгдэхүүн гаргаж, хөрөнгө оруулалт татах, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэх юм.

Бондын зарцуулалтыг эрчим хүч, зам засвар, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад голлон хийнэ. Дотоод журам боловсруулж, бондын зарцуулалтыг зориулалтын дагуу үр ашигтайгаар хийхэд хяналт тавьж байна" гэж ярилаа.

Түүний мэдээлснээр Олон улсын зах зээл дээр дэлхийн хотууд өөрийн бондыг гаргаж, бүтээн байгуулалтын ажлаа шийддэг туршлага бий. Тухайлбал АНУ-ын хотуудын бондын зах зээл дөрвөн их наяд ам.долларын хэмжээнд хүрсэн байдаг аж.