Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын Олимпын наадамд оролцох Орос, Беларусийн 25 тамирчны нэрсийг зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Парисын Олимпын наадамд оролцох Орос, Беларусийн тамирчдын нэрсийн эхний жагсаалтыг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) өчигдөр буюу Бямба гарагт зарлажээ.

Тэдгээр нь Украины дайныг дэмжиж байсан түүхгүй, Оросын зэвсэгт хүчинтэй ямар нэг холбоогүй байх тусгай шалгуурын дагуу сонгогдсон ба наадамд AIN (Individual Neutral Athlets) нэрийн дор оролцох юм.

Нийт 25 тамирчны нэрсийг зарласны 16 нь чөлөөт бөх, хоёр нь хүндийг өргөлт, гурав нь трамполин, дөрөв нь дугуйн спортын тамирчид байжээ.

Кремлийн суртал нэвтрүүлэгт идэвхтэй оролцдог тамирчдыг жагсаалтад оруулаагүйд талархаж байгаагаа Украины спортын сайд Матвей Бидный мэдэгдсэн байна.

“Украины үндэсний олимпын хороо, спортын холбоодын хамт бидний илгээсэн нотлох баримтуудыг ОУОХ сонссон байна. Нотлох баримт цуглуулахад тусалсан эрэн сурвалжлах сэтгүүлчид, засгийн газрын холбогдох агентлагуудад маш их талархаж байна” гэж тэр мэдэгджээ.

ОУОХ өмнө нь Украины дайны улмаас Орос, Беларусийн тамирчдыг Парисын олимпын наадамд оролцохыг бүрэн хориглож байв. Дараа нь тусгай шалгуурын дагуу оролцуулах шийдвэр гаргасан юм.

Тухайлбал олон нийтийн өмнө дайныг дэмжсэн байр суурь илэрхийлж байгаагүй тамирчид улс орныхоо далбаа, нэрийг ашиглалгүй оролцохоор болсон. Бас багийн тэмцээнүүдэд оролцохгүй юм.

Дээд тал нь ОХУ-аас нийт 36, Беларусиас нийт 22 тамирчин энэ шаардлагын дагуу Парисын наадамд оролцох магадлалтай байгааг гуравдугаар сард ОУОХ мэдэгдэж байжээ.

2021 оны Токиогийн Олимпын наадамд ОХУ 330 тамирчин, Беларусь улс 104 тамирчинтай оролцож байсантай харьцуулахад энэ нь маш бага тоо юм.

Өчигдөр зарласан жагсаалтаа ОУОХ удахгүй шинэчилж, боломжтой тамирчдын тоог нэмэх гэнэ.

Гэхдээ спортын зарим төрөлд Орос, Беларусийн тамирчид оролцохгүй болсон. Тухайлбал Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбоо хоёр улсаас ямар ч тамирчин оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан юм.

Оросын эрх баригчид Парисын олимпын наадмыг бойкотлоогүй бөгөөд оролцох эсэхээ тамирчид өөрсдөө шийднэ.

Ногоон дэвсгэр дээр “AIN” үсгүүдийг байрлуулсан тусгай далбаан дор оролцох Орос, Беларусийн тамирчид олимпын нээлтийн арга хэмжээнд оролцохгүй, медалийн жагсаалтад бичигдэхгүй.

Дайн өдөөгч орнуудаас аль аль тамирчныг урихыг ОУОХ-ы дэргэд байгуулагдсан AINERP (Individual Neutral Athlete Eligibility Review Panel) хэмээх зөвлөл шийдэх юм.

Уг зөвлөл спортын холбоод, аюулгүй байдлын албад, Орос, Беларусийн албан ёсны вэб сайтууд зэрэг олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулсны үндсэн дээр тамирчдыг сонгох ажээ.

 

Эх сурвалж: AFP