Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11% болгох шийдвэр гаргажээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11%-д хүргэх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ гэж үзсэн байна.

Жилийн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотод 6.1%-тай гарчээ. Импортын бараа бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсоноор инфляц буурсан байна.

Цалин, тэтгэврийн өсөлт төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэдий ч түүний нөлөө хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө бууруулсан болохыг Монголбанкнаас мэдээллээ.

Гадаад эрэлт, экспортын биет хэмжээ өндөр байгаа нь валютын орох урсгал, төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж байна.

Зудын нөхцөл байдлаас шалтгаалан малын зүй бус хорогдол өвлийн саруудад огцом нэмэгдсэн нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, цаашлаад эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа учир эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулсан гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэв.