2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны Баасан гарагаас эхлэн гурав хоногийн хугацаанд нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгууль оролцох хүсэлтээ өгч дуусав.
Энэ өдрүүдэд Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ 26 нам, хоёр эвслийн сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авчээ. Харин Зүй ёс нам сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлжээ.
СЕХ-ны Ажлын хэсэг сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад СЕХ-ны хуралдаанд танилцуулна. Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм байна.
УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдах билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!