Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Цагдаагийнхны хэргийг танил талаараа аргалах гээд байна уу гэж хардаж байгаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон цагдаагийн дөрвөн алба хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийн талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцлээ. Хяналт шалгалтын сонсгол зохион байгуулж, хэр дүнтэй, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх, гэрчийг дуудаад ирэхгүй байгаа асуудлууд бий. Тиймээс хуулийг сайжруулах ёстой гэж үзэж байна. 

Бага насны хүүхдийг цагдаагийн дөрвөн алба хаагч хүчиндсэн гэх хэрэг гарсан байна. Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Иргэдийг гэмт хэргээс хамгаалах үүрэгтэй хуулийн байгууллагынхан нь гэмт хэрэг үйлдэж байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнийг гадаадын улс орнуудад ил зарладаг. 

Харин хохирогчийг ил гаргах хэрэггүй. 

Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг МАН засгийн эрх авангуутаа яаралтай татан буулгасан. Засгийн газрын харьяа байгууллагууд цагдаа нараа шалгаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй.

Энэ Засгийн газрын үед ёсзүйн хариуцлага хүлээдэг албан тушаалтан алга. Хуульд өөрчлөлт оруулж, УИХ нь Засгийн газартаа хяналт тавих боломжгүй болгосон. Одоо татвар төлөгчдийн мөнгөөр хурал, форум хийж байна.

АН-ын бүлэг бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн асуудлыг ярилцаж, ажлын хэсэг байгууллаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой" хэмээн ярилаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хохирогч охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байдаг. Гэтэл туслах үүргээ гүйцэтгэхийн оронд өөрт байгаа мэдээллийг буруугаар ашиглаж, жигшүүрт хэргийг үйлдсэн нь маш ноцтой.

Мөрдөн байцаалтаар нарийн зүйлийг гаргаж ирэх байх.

Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах нь эргэлзээтэй боллоо. Цагдаа нь иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.

УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж байгаа ажлын хэсэг яагаад ийм хэрэг гарах болов, тэр хүмүүс төрийн албанд орохдоо тэнцсэн эсэх, мэргэжлийн сургууль төгссөн эсэх, цагдаагийн байгууллагад хүний эрхийн асуудлаар сургалт явагддаг эсэх, цаашид энэ төрлийн хэрэг гаргуулахгүй болтол ухаж ажиллана.

Д.Ганбат гишүүнээр ахлуулсан Тусгай хяналтын дэд хороо ажиллана.

2024 дөрөвдүгээр сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Тамгын Газраас мэдээлэл хийхдээ "Нэг цагдааг баривчилсан. Бусдыг гадуур шалгаж байна, хорих үндэслэлгүй" гэж сэтгүүлчдийн асуултад хээвнэг хариулж байгаа юм.

Уг хэргийг танил талаараа аргалах гээд байна уу гэж хардаж байна. Мухарт нь хүртэл шалгана" гэв.

"Цэцэрлэгийн хүүхдийг зодсон багшийн зургийг нийтэд ил болгосон хэрнээ гэмт хэрэг үйлдсэн цагдаагийнхны зургийг яагаад ил гаргахгүй байгаа юм бэ" гэж тодотгов.