ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг: Дүнжингаравын уулзварт гарсан ослын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний амь нас эрстэж, гал гарсан. Уг ослын дүгнэлт гарсан эсэх талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг "Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мэргэжлийн хэд, хэдэн байгууллагын дүгнэлт гарах ёстой. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна.

Хүний амь нас хохирсон, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ өргөн, олон хохирогчоос мэдүүлэг авах зэргээр шалгах болон шийдвэрлэх ажиллагаа ихтэй, экологи, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ гаргах асуудал уддаг тохиолдол бий.

Цагдаагийн байгууллагаас тусгайлан үнэлгээ гаргадаггүй. ОБЕГ-ын Гамшиг Судлалын Хүрээлэн, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар зэрэг мэргэжлийн байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулдаг. Тухайн байгууллагуудын дүгнэлт гаргахад хугацаа шаардагддаг.

Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д зааснаар тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь хориотой" хэмээн тайлбарлалаа.