Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт хоол хүнсний гуравны нэг нь буюу дэлхий даяар жилд 1.3 тэрбум тонн хүнс хаягддаг

Б.Энхмарал, iKon.mn
2024 оны 2 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнсний хог хаягдал гэдэг зөвхөн хөгжингүй орнуудын бус дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

Өдгөө дэлхий даяар нийт 800 гаруй сая хүн хүнс тэжээлийн дутагдалтай амьдарч байхад үйлдвэрлэн гаргаж буй нийт хоол хүнсний гуравны нэг нь буюу жилд 1.3 тэрбум орчим тонн хүнс хаягдаж байна гэсэн судалгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргажээ. Энэ нь 2 тэрбум орчим хүнийг хоол хүнсээр хангах хэмжээний нөөц юм.

Бидний амьдралд хугацаа нь дууссан, муудаж хөгцөрсөн, хэтрүүлж бэлтгэсэн хоол хүнс төдийлөн их хохирол учруулахгүй байгаа мэт боловч үүний цаана хүний хүч хөдөлмөрийг дэмий үрсэн, эдийн засгийн болоод байгаль орчны маш олон сөрөг үр дагаврууд бий болдог.

зураг
 

Хаягдал болсон 1.3 тэрбум тонн хоол хүнсийг эдийн засгийн үүднээс авч үзвэл жилдээ $940 тэрбумын хохирол учирч, хүнсний хог хаягдлаас нийт метан хийн ялгарлын 10 орчим хувь нь үүсэж байна гэх тооцоо гарчээ.

Хүнсний хаягдлыг гаргаж буй нэгжээр нь авч үзвэл айл өрх хамгийн ихийг буюу нийт хүнсний хаягдлын 61%-ийг үүсгэдэг бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хүнсний худалдаа үйлчилгээ үлдсэн хувийг бүрдүүлж байна.

График №1. Хоол хүнсний хаягдал бий болгож буй нэгжүүд

График №2. Нийт хаягдаж буй хоол хүнсний төрлүүдийн эзлэх хувь

Гэхдээ хүнс зөвхөн эцсийн бүтээгдэхүүн болсон хойноо хаягдах бус үйлдвэрлэгдэн гарах явцдаа буюу хэрэглэгчдийн гарт хүрэхээс өмнө хаягдах тохиолдол элбэг. Ялангуяа хөгжиж буй орнуудад хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалтын горимыг хангаж чадаагүйн улмаас муудах, гэмтэх тохиолдол түгээмэл аж.

Манай улсын хувьд ч хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа хэрэглэгчдийн гарт ирэх хүртлээ тээвэрлэлт, хадгалалт, хүргэлт, түгээлтийн явцад 20-30 хувь нь хаягддаг байна.

Улаанбаатар хотод зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлдэг гэсэн судалгаа бий.

Түүнчлэн дэлхийн хэмжээнд хүнсний хог хаягдал хамгийн ихээр гаргадаг улсыг Хятад улс жилд 92 сая тонн хоол хүнсний хог хаягдал бий болгож буйгаараа тэргүүлж байгаа бол Хятадын дараа хүн амын хувьд ижил тэнцүү Энэтхэг улс жилд 69 сая тонн хүнсний хаягдал гаргадгаараа удаалж байгаа юм.

Харин нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээгээр Баруун Африкийн Нигери улс тэргүүлж байна. Нигери улсын нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээ 189 кг.

Монгол улсын хувьд бид жилд 250.2 мянган тонн хүнсний хог хаягдал гаргадаг ба нэг хүнд ногдох хүнсний хог хаягдлын хэмжээ 78 кг.

График №3. Улс орнуудын нэг жилд гаргаж буй хоол хүнсний хаягдлын хэмжээ /мян.тонн/

Айл өрхийн хүнсний хаягдлыг хэрхэн багасгаж болох талаар НҮБ-ын ХХААБ-аас гаргасан зөвлөмжийг хүргэж байна. 

  • Илүү зүйл худалдан авалгүй зөвхөн хэрэгцээтэй хүнсээ худалдаж авах
  • Амт нь ижил тул хэлбэр дүрс, хальс нь муухай болсон гэж гололгүй жимс, ногоог худалдан авах
  • Өмнө нь авсан бүтээгдэхүүнээ хөргөгчийнхөө урд хийж түрүүлж хэрэглэх
  • Бүтээгдэхүүний хугацаа “best before” гэсэн тэмдэглэгээнээс өнгөрөөд удаагүй бол хэрэглэхэд гэмгүй
  • Хоолоо хэрэгцээнээсээ хэтрүүлэхгүй тохиромжтой хэмжээгээр бэлтгэх
  • Бэлтгэсэн илүүдэл хоолоо хөлдөөх, дараа нь өөр хоол хийхдээ ашиглах
  • Хүнсний хог хаягдлаа бордоо болгох
  • Хоол хүнс үйлдвэрлэх, бэлтгэх талаар мэдлэгээ нэмэгдүүлэх, тэдний ажлыг хүндлэх
  • Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгох, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих
  • Усгүйгээр ямар ч хүнсийг үйлдвэрлэх боломжгүй тул усаа гамнах
  • Илүү хоол хүнсээ бусадтай хуваалцах