Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

14 дүгээр сургуулийн сурагч: Цонхоо нээхэд бензин үнэртдэг. Бидний эрүүл аюулгүй орчинд сурах эрхийг бүү зөрчөөсэй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургууль нь 5,832 сурагч, 246 гаруй багш ажилчидтай аж. 

Тус сургуулийн хажууд байрлах Шунхлай Шатахуун Түгээх Станц (ШТС)-ыг нүүлгэх асуудлаар  үйл ажиллагааг зогсоохыг шаардаж багш, ажилчид, хүүхдүүд, эцэг эхчүүд, оршин суугчдын төлөөллөөс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  

Энэ үеэр тус ШТС-ыг буулгах шаардлага хүргүүлсэн талаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Э.Доржбал "Шунхлай ШТС-ыг нүүлгэх гомдол, санал маш их ирдэг. Үүний дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч, мэргэжлийн байгууллагад уламжилсан. Гэвч мэргэжлийн байгууллагууд стандарт, нормыг хангасан байна гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Гол нь хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Гамшиг гэнэт болдог зүйл. Тиймээс 14 дүгээр сургуулийн багш ажилчид, эцэг эхчүүд нэгдээд явж байна.

Хорооны даргын хувьд холбогдох байгууллагууд руу бичиг явуулах, шаардлагатай судалгаа дүгнэлт гаргах хүсэлтийг удаа дараа өгсөн боловч тодорхой үр дунд хүрээгүй. 

Шунхлай ШТС байрлаж буй хэсэгт 14 дүгээр сургууль, төр захиргааны байр, түргэн тусламжийн төв, Амгалан амаржих зэрэг байдаг. Зорчих хэсгийн зам нь нэг урсгалтай. Мөн явган хүний замгүй болгож хашаагаа шахаж барьсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд хашаагаа татах шаардлагыг өгсөн. 

Тус шатахуун түгээх станцын гол шийдвэр гаргах түвшний хүмүүс нь бид нартай харьцдаггүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга ажлын хэсэг байгуулж ажилласан. Харамсалтай нь шатахуун түгээх станцаас ажлын хэсэгт багтсан хүмүүс нэг ч удаа ирээгүй. 

2022 онд шатахуун түгээх станцын дүрэм шинээр батлагдсан. Үүнд олон нийтийн барилгаас ШТС 50 метрийн зайтай гэснийг 25 болгосон. Энэ өөрчлөлтийг иргэд хардах эрхтэй" хэмээн тайлбарлав. 

"14 дүгээр сургуулийн хажууд буй ШТС-ыг оршин суугч, сургуулиас нь зөвшөөрөл авахгүйгээр нүд ирмэхийн зуур барьсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдүүдийн сурч буй орчин нөхцөлийн талаар 14 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл "Миний хоёр хүүхэд тус сургуульд суралцдаг. Шунхлай ШТС-д зөвшөөрөл өгсөн цаг үе рүү хандах ёстой байх. Таксинд зөвшөөрөл өгөхөд хэд хэдэн шат давна, торгоно гэж ярьж байгаа. 

Гэтэл химийн хүнд элементийг тээвэрлэдэг, хадгалдаг ШТС-д яагаад ийм амархан зөвшөөрөл өгч байгаа юм бэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд явуулахаас айж байна. Нэг хүн хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулж гал гарвал яах вэ. 

Онцгой байдлын гал унтраах тоног төхөөрөмжгүй үед хүүхдүүдээ нүдэн дээрээ шатаалгах уу. Баянзүрх дүүргийн таван сургуулийн хажууд шатахуун түгээх станц байгаа. 14 дүгээр сургуулийн хажууд буй ШТС-ыг оршин суугч, сургуулиас нь зөвшөөрөл авахгүйгээр нүд ирмэхийн зуур барьсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нар хоёр хоногийн өмнөх үйл явдалд уучлалт гуйхгүй байна. Хэрэв сургуулийн хажуугийн Шунхлайгаас болж ямар нэгэн зүйл тохиолдож хүүхдээ нүдэн дээрээ шатаалгавал хэн ч уучлалт гуйхгүй юм байна. 

Сургуулийн сурагчдын хичээл орох гэж байна. Нийтийн тээврийн шугам сольж байхаар зүгээр ажлаа хий. Том хүн автобусаа олж сууж чадахгүй байхад хүүхдүүд даарч өвдөнө. Иймэрхүү яаралтай шийдэх асуудалдаа анхаарлаа хандуулаач ээ.

Дараа нь асуудал гарвал эцэг эхчүүд шар махтайгаа хатах уу. МАН-ынхан хулгай хийдэг шигээ ажлаа хий. Сургуулийн хажууд байгаа бүх ШТС-ынхаа газрыг чөлөөл" гэв. 

Оршин суугч нар: Шунхлай ШТС-ын техник технологийн хэлтсийн захирал н.Гэрэлт-Од хорооны хэсгийн ахлагч М.Ганцэцэгийг өөрсдөө хөөцөлд, бүтээхийг чинь харъя гээд өрөөнөөсөө хөөгөөд гаргаж байсан түүх бий. Энэ ШТС-ыг заавал нүүлгэсний дараа сална. Мөн дулаан орохоор тэмцлийн олон хэлбэрийг бодож олсон. Гал усны зовлон хэлж ирдэггүй. 
14 дүгээр сургуулийн сурагч: Манай сургууль А болон С гэсэн хоёр жигүүртэй. Цонхоо нээх үед Шунхлай ШТС-ын бензин үнэртдэг. Тиймээс түр тэсье гэдэг. Бидний эрүүл аюулгүй орчинд сурах эрхийг бүү зөрчөөсэй. 
14 дүгээр сургуулийн багш: Хоёр хоногийн өмнөх ослоос сэрэмж авч энэхүү үйл ажиллагаа эрчимжүүллээ. Өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд асуудал шийдэж өгөхгүй байгаад төр захиргааны байгууллагад бухимдаж байна. Газар олгосон албан тушаалтан хаана байна, тушаалыг нь хүчингүй болгож өгнө үү. Бид эрүүл аюулгүй орчинд сурч, хөдөлмөрлөж, амьдрах эрхтэй. 

"ШТС арав хоногт нэг удаа 12:00-14:00 цагийн хооронд шатахууны таталтаа хийдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шунхлай ШТС-ын үйл ажиллагааны талаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 12 дугаар хэсгийн ахлагч М.Ганцэцэг "Миний хариуцаж буй 118, 116 дугаар байр Шунхлай ШТС-тай гараашны заагтай байрладаг. Тус байранд нийт 148 өрх, 545 иргэд оршин суудаг. 

Тус ШТС арав хоногт нэг удаа 12:00-14:00 цагийн хооронд шатахууны таталтаа хийдэг. Ингэснээр тэр орчинд бензин үнэртдэг. Үүнийг холбогдох бүх байгууллагад мэдэгдсэн ч асуудал шийдэгддэггүй. 

Дүнжингарав дээр иргэдийн гомдол хүсэлт авдаг мэргэжилтэн н.Ганхуяг гэх залуутай уулзахад төрийн захиргааны анхан шатны ажилтан атал төрийнхөө эсрэг явлаа гэж хэлсэн. 

Шунхлай шатахуун таталтаа амралтын өдөр оройн цагаар хийнэ гэсэн албан бичиг өгсөн. Гэтэл энэ сарын 22-н хүртэл өдрийн цагаар шатахууны таталтаа хийсэн. Үүний хажууд хүүхэд тоглоод явж байна" хэмээн ярилаа.