УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлолтод шалгарсан “МТАС” түншлэлийн харилцаа хамаарлын талаар шинжээч танилцууллаа.
Тэрбээр “Тус түншлэл нь "Монголиан контракт майнинг сервис” ХХК, “Таван хур” ХХК, “Админериал” ХХК, “Спейшл майнинг сервис” ХХК гэсэн дөрвөн оролцогчтой.
Хөрс хуулалт нүүрс олборлолтын ажлын 70 хувь, нүүрс олборлолтын ажлын 30 хувийг хариуцаж буй "Монголиан контракт майнинг сервис” ХХК ямар нэгэн улс төрийн харилцаа хамаарал илрээгүй.
Өрөмдлөг тэсэлгээний ажлыг 100 хувь хариуцаж буй “Спейшл майнинг сервис” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү гэсэн мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн.
Тус компанийг Дорждалайн Даяндэмэд, Дагвадоржийн Саруултуяа нар үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгчөөр Дагвадоржийн Саруултуяа идэвхтэй бүртгэлтэй байгаа.
"Таван хур" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхол бүхий "Бүргэд транс" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Дашзэвэгийн Дагвадорж бөгөөд 80 хувийн хувьцааг эзэмшдэг.
Дашзэвэгийн Дагвадорж нь "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй "Тавантолгой транс" ХХК-тай нэгдмэл сонирхолтой юм.
"Тавантолгой транс" ХХК-ийг УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгчөөр УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ болон Ажнай корпорац бүртгэлтэй. Дашзэвэгийн Дагвадорж нь тус компанийн 20 хувийг эзэмшдэг.
"Таван хур" ХХК-ийн 30 хувийг эзэмшиж буй Дорждалайн Даяндэмэд нь "Рейн клауд" ХХК-ийг Болдын Амгалантай хамтран үүсгэн байгуулсан. "Рейн клауд" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Болдын Амгалан бүртгэлтэй байна. Болдын Амгалан нь УИХ-ын гишүүн Сангийн сайд Болдын Жавхлангийн төрсөн дүү гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн.
Дорждалайн Даяндэмэд болон Болдын Амгалан нар нь "Рейн клауд" ХХК-ийн 20 хувийг тус бүр эзэмшдэг.
Тус компанийн эцсийн өмчлөгчөөр Цэдэнпилийн Ламжав гэх иргэн идэвхтэй гэсэн мэдээлэл байна. Гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Хасбатар ажиллаж байгаа. "Админериал" ХХК-ийн 45 хувийг "Моновант" ХХК эзэмшдэг.
"Моновант" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Цэдэнпилийн Ламжав бөгөөд эцсийн өмчлөгч болон гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй. Мөн тус компанийн 20 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн Хасбатар эзэмшдэг.
"Ган үзэгтэн сэтгүүл клуб" НҮТББ-ыг Нарангийн Өнөрцэцэг үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгч Отгонбатын Шүрэнсувд бүртгэлтэй бөгөөд Нарангийн Өнөрцэцэгийн эгчийнх нь хүүхэд юм.
"Ган үзэгтэн сэтгүүл клуб" НҮТББ-тай нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээд нь "Мон можар транс" ХХК юм. Энэ компани нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Отгонбатын Шүрэнцэцэг нь 2022 оны аравдугаар сарын 30-нд үүсгэн байгуулж байжээ. Дамдинсүрэнгийн Баянмөнх гэх хүнд энэ оны зургаадугаар сарын 26-нд компанийнхаа хувьцааг шилжүүлсэн байна.
"ЭСДЭ" ХХК-ийн эцсийн өмчлөгч Лхагвасүрэнгийн Батсүрэн нь "Тунамалбодонч" ХХК-ийг Дашзэвэгийн Амарзаяад 2018 оны дөрөвдүгээр сарын 2-нд шилжүүлэн өгч байжээ.
Батхуягийн Эрдэнэжаргал нь "Глобалгүүр транс" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна. Тус компани нь хоёр дахь нүүрсний сонсголын эхний өдөр яригдсан бөгөөд гаалийн бүрдүүлэлтгүйгээр 39 удаагийн үйлдлээр 4,690 тонн нүүрс гаргасан байж болзошгүй.
"Геосайкл" ХХК-ийг Батхуягийн Эрдэнэжаргал Цэрэнпүрэвийн Амгалан, Болдын Уянга нар үүсгэн байгуулсан бөгөөд Цогтбаяр Батбаатартай хамтран хувьцаа эзэмшдэг байжээ. Цэрэнпүрэвийн Амгалангийн хамаарал бүхий компанийг Даваа гаригийн сонсголын үеэр ярьсан. Тээврийн хэрэгслийн найман компани нь нэг сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй талаар ярьсан.
Цогтбаяр Батбаатар нь "Улаанбаатар групп" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд 90 хувийн хувьцааг эзэмшдэг. Тус компанитай нэгдмэл ашиг сонирхолтой "Би Си ТИ Эс Эс" ХХК-ийн Авирмэдийн Энхээ эцсийн өмчлөгч бөгөөд Цогтбаяр Батбаатар төрсөн эх юм. "Би Си ТИ Эс Эс" ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж буй Дашзэвэгийн Лувсандорж нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ах гэсэн мэдээллийг ирүүлсэн.
Авирмэдийн Энхээ нь "Төгс төгөлдөр" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд тус компанийг Буянтогтогтохын Соронзболд үүсгэн байгуулсан. Тэрбээр "Төгс төгөлдөр" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшиж байв. Буянтогтогтохын Соронзболд нь Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзонгийн төрсөн дүү гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
107 СЭТГЭГДЭЛТЭЙ
|