"Гар утас, интернэтийн төлбөрөөс хямдхан цахилгаан хэрэглэж байгаагаа бүгд ойлгох хэрэгтэй. Бодит өртөг рүү дөхүүлэх ёстой"
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв /ШСБХТ/-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгааг ашиглаж хийсэн дүн шинжилгээг танилцуулж байна.
Цахилгаан, дулааныг бодит өртгөөс доогуур үнээр худалдаж авах нь тухайн салбарын тогтвортой үйл ажиллагаа явуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх болон аливаа эрсдэлийн орон зайг гаргаж өгөөгүйгээс шалтгаалж үүсэх нөөц горим буюу аюулгүй байдалд ажиллахад сөргөөр нөлөөлж байна гэж судалгааны багийнхан үзсэн байна.
Түүнчлэн энэ асуудлаар өчигдөрхөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Бид нэг кВт цахилгааныг багадаа есөн центээр нийлүүлж байж тогтвортой байдал хангагдана" хэмээн хэлсэн юм.
Доорх графикаас манай улсын эрчим хүч 100% тултал ажиллаж байгаа гэдгийг харж болохоор байна.
Жишээ нь 2022 онд нийт 10.3 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэснээс 45% аж ахуйн нэгж, 8% орон сууц, 13% гэр хороолол, 14% нь Оюутолгой төслийн эрчим хүч, 20% нь дулааны эрчим хүчний хэрэглээний алдагдал байна.
"Жил бүр оргил ачааллын өсөлт 7%-аар өсөж "гал алдахад" ойрхон байгаа"
Жил бүр 18:00-22:00 цагт оргил ачааллын өсөлт 7%-аар нэмэгдэж "гал алдахад" ойрхон байгаа гэдгийг албаныхан онцлов. Цахилгаан станцууд 90 хувьтай ажиллаж 10 хувийн нөөцтэй байх ёстой. Гэтэл одоо тултал ажилласан ч нийлүүлэлт дутагдаж байгаа аж.
"Нэг кВт.ц-ийг 230 төгрөгөөр нийлүүлэх ёстой"
2023 оны байдлаар дундаж тариф нэг кВт.ц нь 215 төгрөг байгаа юм байна. Бодит өртгөө харвал нэг кВт.ц-ийг 230 төгрөгөөр нийлүүлэх ёстой гэсэн тооцоолол гарчээ.
Цаашдаа тохирсон үнэ тарифыг батлахгүй бол 2030 он гэхэд ашиг алдагдал, өр төлбөр нэлээд халих хэмжээний төсөөллийг гаргаад байгаа аж.
"Бодит өртөг рүү дөхүүлбэл энэ салбар өөрийн хөрөнгө оруулалтаар зарим төслөө хийгээд явах боломж, орон зай гарах байх"
"ШСБХТ" УТҮГ-ийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдорж: Хүмүүс цахилгааныг ямар үнээр аваад байгаагаа мэддэггүй. Ирсэн цахилгааны төлбөрийг төлөөд л явуулдаг. Хангалттай хямдхан эсвэл үнэтэй байгааг хэн ч мэдэхгүй байна. Олон нийтэд зөвөөр ойлгуулж үнэ тарифыг нэмэхгүй бол хуучин арга барил шигээ тас гээд маргааш нь нэмбэл тойргоосоо гарч чадахгүй.
Гар утас, интернэтийн төлбөрөөс хямдхан цахилгаан хэрэглэж байгаагаа бүгд мэдмээр байгаа юм. Бодит өртөг рүү дөхүүлэх ёстой. Тэгж чадвал энэ салбар хэн нэгний хамааралгүйгээр өөрийн хөрөнгө оруулалтаар зарим төслөө хийгээд явах боломж, орон зай гарах байх.
Монгол өрхийн сарын дундаж орлогод цахилгааны зардал хэдэн хувийг эзэлж байгааг тооцоход сүүлийн зургаан жил тогтвортой 2.2% байжээ. Харин олон улсын дундаж хэмжээ нь 5% байдаг аж.
Жил бүр тарифыг дараах байдлаар нэмэгдүүлж чадвал өр төлбөр, ашиг алдагдал буурна гэсэн тооцооллыг гаргажээ.
"Сургууль, эмнэлэг зэрэг 75-85% нь батлагдсан үнэ тарифаар, харин 15-25% нь холимог зах зээлээр явж болно"
Дээрх тооцоолол дээр үндэслэж судалгааны багийнхан дараах байж болох хувилбарыг санал болгож байгаа аж.
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг 75-85% нь батлагдсан үнэ тарифаараа явна. Харин 15-25% нь холимог зах зээлээр буюу хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж хангахуудаар дамжуулж эх үүсвэр талдаа тоогоо өгсний дараа эх үүсвэрүүд үнийн саналаа явуулна гэсэн журмаар явж болох тооцооллыг гаргажээ.
Уг 15-25%-д эх үүсвэрүүд өөрсдөө ашгаа хийх үнэ тарифаа өгнө гэсэн үг юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

