Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

СОНГУУЛЬ: Баян-Өлгийгөөс бусад аймгийг бүсчлэн нэгтгэж, нийт 13 том тойрогтой байхаар тооцжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 21
iKon.MN

Төрийн байгуулалтын Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2024 оны Улсын Их Хурал(УИХ)-ын ээлжит сонгуулийн тойргийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцжээ. 

Ирэх сонгууль олон мандаттай бүсчилсэн тойргоор зохион байгуулагдана. Бүсчилсэн тойргийн зураглалаас харвал орон нутагт 2-4 аймгийг нэгтгэж, томсгосон нэг тойрог болгож байна. Тухайлбал баруун, төв, зүүн, говийн бүс гэх мэтээр газар зүйн байршлаар нь хуваасан байна. 

Харин Баян-Өлгий аймгийг л тусад нь нэг тойрог болгожээ. 

Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс нэгдмэл нэг улс. Баян-Өлгий аймаг бол Монгол Улсын нэг аймаг. Баруун таван аймгийн нэг бөгөөд хэзээ ч салж болохгүй Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсэг. Гэхдээ ингэж салгаж байгаа нь ямар нэг байдлаар тусдаа болгож байгаа хэрэг биш. Энэ бол хүний эрхийн үүднээс үндэсний цөөнхийн төлөөллийг хангахын тулд юм. Хэрэв баруун бүсийн нэг аймаг болоод орчихвол Баян-Өлгийн төлөөлөл байхгүй болж, цөөнхийн төлөөлөл хангагдахгүй учраас жендэрийн квот тогтоодог шиг квот тогтоож өгч байна гэсэн үг. 

Нэг бүс дотор үндэстэн хоорондын зөрчил гарах эрсдэл байдаг. Ямар нэг байдлаар улс төрийн болон газар нутгийн эрх өгч байгаа асуудал огт биш бөгөөд үндэсний цөөнхийн эрхийг хангаж, хүндэтгэж квот хангаж байгаа шалгуур үзүүлэлт юм" хэмээх тайлбараа өчигдөр Байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийллээ. 

Нийслэлийн тухайд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг тусдаа нэг, нэг тойрог байх бол Сүхбаатар болон Чингэлтэйг нэгтгэж нэг тойрог болгох гэж байна. Мөн алслагдсан дүүргүүд буюу Багануур, Налайх, Багахангайг нэгтгэхээр төлөвлөжээ. 

Сонгуулийн тойрог:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1 дүгээр тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2 дугаар тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3 дугаар тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4 дүгээр тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5 дугаар тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6 дугаар тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7 дугаар тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8 дугаар тойрог;
  • Баянгол дүүрэг 9 дүгээр тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10 дугаар тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13 дугаар тойрог байхаар тооцсон байна.

Монголчууд 2024 онд мажоритар, пропорционал хосолсон системээр нийт 126 хүнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгоно.