Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг айл өрх, албан газар жил бүр нэмэлт орлоготой болох хуулийн төсөл боловсруулж эхэлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сэргээгдэх эрчим хүч хэрэглэж буй айл өрхүүдэд нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх тогтолцоо дэлхийн олон оронд нэвтэрчээ. Монгол Улсад ч мөн энэ боломж бий гэдгийг нийслэлээс хэрэгжүүлсэн туршилтын үр дүн харуулсан байна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр өнгөрсөн оны өвлийн улиралд таван айл нүүрс түлэлгүйгээр нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулаанаа шийдэхэд өрх тус бүр эрчим хүчний зардлаа 70 хувь хүртэл хэмжээнд бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээнийхээ зөрүүгээр оноо цуглуулан 500 орчим ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Гэвч манай улсад хууль, эрх зүйн орчин байхгүй тул урамшуулал авах боломжгүй байна. Иймд Монгол Улсад анх удаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухайн хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Тодруулбал энд онд нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 70 гаруй айлд сэргээгдэх эрчим хүчээр дулаан, цахилгаан шийдэх туршилт хийх юм байна. Туршилтууд эхнээсээ амжилттай болж буй тул илүү үр дүнтэй болгохын тулд нийслэлийн холбогдох байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яамнаас хамтарсан Ажлын хэсэг гарч, хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Уг хууль батлагдвал сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн, нэмэгдүүлсэн айл өрх, албан газар жил бүр нэмэлт орлоготой болох нь.

Монгол Улс 2030 он хүртэл хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр бууруулах амлалтыг олон улсын гэрээ буюу Парисын хэлэлцээрээр хүлээсэн. Энэ амлалтаа биелүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эсвэл ялгаруулах хэмжээнээсээ багыг ялгаруулбал карбон кредит авах буюу бууруулсан хэмжээгээ арилжаалах боломжтой. Уг зах зээлд оролцож, карбон кредитийг арилжаалбал тодорхой хэмжээний орлого олж, санхүүжилт авч болно гэсэн үг.

Тиймээс сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, шахмал түлшний хэрэглээгээ бууруулан, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгасан айл өрхүүд энэ зах зээлээс орлого, санхүүжилт авах нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч хэлэв.