УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний хулгай" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нүүрсний сонсголд Ц.Элбэгдорж, Б.Ганхуяг, Д.Дорлигжав, Р.Амаржаргал нарын 175 хүнийг гэрчээр дуудсан талаараа мэдээлсэн юм.
Монгол Улсын ерөнхийлөгч асан, Ерөнхий прокурор, Ерөнхий аудитор зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг ямар асуудлаар гэрчээр дуудагдаж байгаа талаар сайд Б.Энхбаяр "Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг түүний хамаарал бүхий этгээд нь жижиг Тавантолгойтой нүүрсний гэрээ байгуулсан асуудлаар нь дуудаж байгаа.
Мөн тухайн үед энэ асуудлаар олон удаагийн эрүүгийн хэрэг шалгагдаж байсны дийлэнх нь ямар учир шалтгаанаар гэдэг нь мэдэгдэхгүйгээр хаагдсан. Үүнийг тодруулахаар Ерөнхий прокуроор ажиллаж байсан хүмүүсийг дуудаж байна.
Монгол Улсын Ерөнхий аудитор бол бүх асуудал дээр дуудагдана. Учир нь төрийн нэрийн өмнөөс хяналт шалгалт хийж байсан юм уу? ямар дүгнэлтүүд гаргаж, юу хийж байсан юм, зөвлөмж өгч байсан уу зэрэг олон асуудлаар дуудагдана.
Мөн санхүүгийн хяналт шалгалт хаанаас хийгдэж байсан зэргээр нэмж нэрс ирвэл дуудна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!