ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Колумб улс Пабло Эскобарын усны үхрүүдийг устгахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Колумб улсын эрх баригчид хар тамхины картелын босс агсан Пабло Эскобарын эзэмшлээс үлдсэн нийт 166 усны үхрийн заримыг устгахаар болжээ.

Эдгээрийн заримыг нь гадаад улс орнуудад өгч, 20-ийг нь хөнгөлж, үлдсэнийг нь устгах төлөвлөгөөтэй байгааг тус улсын байгаль орчны сайд Сусана Мухамад ярьсан байна.

Африк тивийн уугуул эдгээр амьтдыг Эскобар 1980-аад оны үед Асиендо Наполес нэртэй хувийн эдлэндээ зориулан хууль бус арга замаар импортолж байжээ.

1993 онд түүнийг цагдаа нарт буудуулж алагдсаны дараа усны үхрүүд байгальд эзэнгүй үлдсэн юм.

Тэр үеэс хойш усны үхрүүдийн тоо толгой нэмэгдэж, нутгийн уугуул бус энэ амьтад Колумбын хамгийн том гол Магдаленагийн эко системд дайсагнах болсон байна. Колумбын байгальд усны үхрийн тоо толгойг хязгаарлаж чадах зэрлэг араатан байхгүйтэй энэ нь холбоотой.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчид тэдний тоо толгойг хязгаарлах янз бүрийн арга хэмжээ авсан нь үр дүнд хүрээгүй юм.

Колумбын засгийн газар өнгөрсөн онд усны үхрийг “эзлэн түрэмгийлэгч төрөл зүйл” ангилалд албан ёсоор оруулсан нь устгах боломж бүрдүүлжээ.

“Бид эдгээр амьтдыг экспортлоход шаардлагатай баримт бичиг дээр ажиллаж байна. Хүлээж авах улсын байгаль орчны гол байгууллагаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд бид ганц ч амьтан экспортлох боломжгүй юм” гэж сайд Мухамад орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Хэрвээ энэ оролдлого бүтэлгүйтвэл хамгийн сүүлчийн арга нь устгал болохыг тэр хэлжээ.

Цөөлөх ямар нэг арга хэмжээ авахгүй бол 2035 онд усны үхрийн тоо толгой 1,000 хүрэх тооцоо гарсан байна.

Усны үхэр бол манай дэлхийн хуурай газрын хамгийн том бөгөөд аюултай амьтдын нэг. Нас биед хүрсэн усны үхэр гурван тонн хүртэл жинтэй байдаг. Дэлхий даяар жил бүр 500 орчим хүн усны үхрийн халдлагын улмаас амиа алддаг байна.

Магдалена голын эрэг дагуу оршин суудаг иргэд усны үхрийн халдлагад өртсөн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.

Меделиний картелын босс Эскобарыг “кокаины хаан” гэж өргөмжилдөг байв. Тэрбээр ид үедээ $30 тэрбумын хөрөнгөтэй болж байжээ.

Эскобар 5,500 га талбайтай Асиендо Наполес хувийн эдлэндээ усны үхрээс гадна анааш, тэмээ, судалт тахь зэрэг ховор сонин амьтдыг гадаадаас авчран нутагшуулж байсан юм.

Түүнийг алагдсаны дараа Колумбын засгийн газар эдлэнгийн газрыг ядуу айл өрхүүдэд хуваарилсан байна.

 

Эх сурвалж: BBC