Монголын ууган үйлдвэрүүдийн нэг болох "ГОВЬ" ХК-ийн үйлдвэртэй танилцах боломж тохиолоо.
42 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр дотроо үндсэн таван үйлдвэртэй. Анхан шатны үйлдвэрт монгол ямааны ноолуурыг үндсэн дөрвөн өнгөөр нь ангилж, ялгах процесс хийгдээд дараагийн үйлдвэр рүү шилжүүлснээр ялгасан ноолуурыг угааж, самнадаг байна.
Нэг килограмм ноолуураас 50 хувь нь самнасан ноолуур гардаг бөгөөд утас хийх үндсэн бүтээгдэхүүн болдог аж. Утас үйлдвэрлэх үйл явц нь ч мөн адил тодорхой дамжлагаар орсны дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тэнцдэг юм байна.
Үйлдвэрийн процесс, зохион байгуулалт, техник технологийн хүчин чадлаас харвал “ГОВЬ”-ийн үйлдвэр нь дэлхийд цөөхөнд ордог цогц үйлдвэрүүдийн нэг гэдгийг батлах шиг болов.
Ээрмэлийн үйлдвэрт 1,152 ширхэг ээрүүлээр утас ээрч байсан бөгөөд мөн үйлдвэрт нэхмэл бүтээгдэхүүний оёдолчин гэгдэх ажлын байр нь чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хэлж байлаа.
"ГОВЬ" ХК-ийн тэргүүн зорилго нь загвар, чанар, тогтвортой хөгжил хосолсон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх явдал аж.
"Бид дэлхийд цөөнд тооцогддог ноолуурын цогц үйлдвэрлэлээр монгол хүний ур ухаан шингэсэн бүтээл урлаж байгаадаа бахдан ажилладаг. Энэ том үйлдвэрийн ард ГОВЬ-ийн үнэ цэн болсон ажилтнууд минь байдаг билээ. Чанартай бүтээгдэхүүн хүргэх нь чухал ч бид компанийн тэргүүн зорилгынхоо хүрээнд нийт ажилтнуудынхаа ая тухтай орчин нөхцөл, таатай боломжуудыг ханган ажиллахыг зорьдог. Иймд бид 2022 оноос эхлэн байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Ингэснээр тэд маань нийгмийн стресст санаа зоволгүйгээр ажил амьдралын тэнцвэрийг хадгалан таатайгаар ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн бид ходоо орон нутаг ажлын байрыг бий болгох зорилготой ажиллаж байна" хэмээн "ГОВЬ" ХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Д.Соёлмаа онцолсон.
Энэ талаар “ГОВЬ” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Ариунаа “Манай компани сүүлийн таван жилийн хугацаанд монгол ноолуурын чанарыг олон улсад таниулах, тэр дундаа дэлхийд танигдсан монгол брэнд бий болгох ажлын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн "ГОВЬ" ХК уул уурхайн бус экспортыг дэмжиж Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж солонгоруулан ажиллаж байна. Дэлхийн зах зээлд гарч өрсөлдөхөд бүтээгдэхүүн чанартай байх, загвар дизайны хувьд дэлхийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн байх зэрэг олон шалгуур байдаг.
Хамгийн эхэнд түүхий эдийн чанар маш чухал. Тэр утгаараа ХААИС-ийн эрдэмтэн багш, судлаачид, бэлтгэн нийлүүлэгчид болох малчид, үйлдвэрлэгч болох "ГОВЬ" ХК гээд гурван талын хамтын ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж яваа. Төслийн үр дүн эхнээсээ гарч байгаа. Тухайлбал малчдадаа түүхий эд бэлтгэн нийлүүлэх талаар шат дараатай сургалт орж, илүү мэдээлэлтэй болгож буй. Ингэснээр малын удмын санг сайжирч түүхий эдийн чанар ч сайжирч байна.
Загвар дизайны хувьд бас чухал гэж хэлсэн. Өнгөрсөн жилээс эхлээд манай компанид Ерөнхий дизайнераар Итали дизайнер ажиллаж байгаа. Бид сайжруулалт шинэчлэлээ тасралтгүй хийж яваа. Хэд хоногийн өмнө ХБНГУ-ын Дюссельдорф хотод ГОВЬ өөрийн нэрийн дэлгүүрээ нээж, олон улсдаа нэрээ таниулж хэрэглэгчдэдээ ойртсоор байна” хэмээн хэллээ.
"ГОВЬ" ХК-ийн Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан “Сүүлийн хоёр жилд бид хоёр шинэлэг бараа бүтээгдэхүүн гаргасан. Тухайлбал "Cashmere reborn” болон ноолууран гутал юм. Манай компанийн чанартай, тогтвортой, үнэ цэнтэй бараа бүтээгдэхүүн гаргана гэсэн гурван амлалт байгаа.
Тогтвортой бараа бүтээгдэхүүнийг нийгэмд гаргахын тулд дахин боловсруулсан материалаар "Cashmere reborn" коллекцыг урласан. Өөрөөр хэлбэл уг коллекц нь технологийн илүүдэл түүхий эдээр бүтсэн гэсэн үг. Технологийн хаягдлыг бид хамгийн бага түвшинд байлгах зорилготой уг коллекцийг урласан” хэмээв.
“ГОВЬ” ХК-ийн үйлдвэрлэл бүр нь монголын уул уурхайн бус эдийн засгийг дэмжин, солонгоруулж буй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!