Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 11
IKON.MN
Зураг зураг

-Бүгд Найрамдах Франц Улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ.

Зочдыг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүн угтан авав. 

Уг айлчлал нь хоёр улсын Онцгой эрхт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бататгах, холбогдох баримт бичгийг байгуулах зорилготойг онцолж байлаа.

зураг
 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга хатагтай Анн Идалго, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей бараалхана.  Мөн Монгол-Францын бизнес форум болно. Уг форумд төр, хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцож, хөдөө аж ахуй, ноос ноолуур, хүнсний салбарын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хүнсний хомсдолын эсрэг хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан хамтран ажиллана

Маргааш хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ. Худалдаа, эдийн засаг, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, геологи, холбооны хиймэл дагуул, онцгой байдал, соёл зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцоно.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдолын эсрэг хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан хамтран ажиллахаас гадна хот төлөвлөлт, авто замын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг чиглэлээр Улаанбаатар, Парис хотын хамтын ажиллагааг дэмжинэ. 

ВИДЕО: Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд болсон угтах ёслол

Ташрамд дурдахад Монгол, Франц хоёр улс 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоож, Франц Улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа нээсэн түүхтэй.

2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Франц Улсад 2,556 монгол иргэн албан ёсоор оршин сууж байгаа бол 128 франц иргэн Монгол Улсад оршин сууж байгаа статистик мэдээлэл байна.

2024 оны олимпын наадам тус улсын Парис хотод зохион байгуулагдах бөгөөд шаардлагатай нийт байгууламжуудын 95% нь бэлэн болж, 6.8 тэрбум орчим еврог төсөвлөсөн бол 10.7 тэрбум еврогийн орлого олж, 250,000 ажлын байр бий болгох тооцоолол гаргажээ.

зураг
 

Түүхээс дурдвал 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Франц улсад албан ёсны айлчлал хийж байжээ.