Автомашин, гүүр, барилга зэргийг барьж бүтээхэд төгс тохирох металл бол ган. Харин ган үйлдвэрлэх үндсэн түүхий эд нь төмрийн хүдэр.
Тэгвэл дэлхийн том уурхайнуудын нэг болох Баруун Австралийн Каррата дахь төмрийн хүдрийн томоохон уурхайн нэг Gudai Darri (Гудай Дари)-тай танилцаж, бүрэн автоматажсан уурхайг нүдээр үзэх боломж тохиосон юм.
"Рио Тинто" гэх айл төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс, борат, лити, скандиум, алмаз, давс, титаны давхар исэл гэх бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тэгвэл энэ айлын жилийн орлогын 60-70 хувийг Төмрийн хүдрийн групп бүрдүүлдэг аж.
Пилбарагаас нийт таван төрлийн төмрийн хүдрийн үндсэн бүтээгдэхүүн гардаг ба үүний хоёрыг нь Гудай Дари уурхайгаас гаргадаг. Дэлхийд өнөөдөр төмрийн хүдрийн хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бол Pilbara Blend гэгддэг.
Гудай Дари уурхайд агуулагдаж буй хүдэр нийт уртаараа 40 км, өргөнөөрөө 20 км аж. Бусад уурхайтай харьцуулбал нэг тонн төмрийн хүдрээс гарах хаягдал маш бага тул байгаль орчны хувьд сөрөг нөлөө багатай гэдгийг ажилчдын зүгээс онцолсон билээ.
Гудай Даригийн уурхайтай танилцахаа мэдсэн цагаас хойш хамгийн их сонирхол татсан зүйл нь бүрэн автоматажсан буюу хүний оролцоогүйгээр тасралтгүй явдаг уул уурхайн үйл ажиллагааг нүдээр үзэх байв. Энэ төсөөлөл минь ч уурхайн олборлолтын хэсэгт очиж танилцахад бодит болсон юм. Уурхайн инновацын шинэчлэлийн захаас нь л хуваалцахад устөрөгчөөр ажилладаг, байгальд ээлтэй автомат трак уурхайд ажиллаж байв. Үүгээрээ дэлхийд анхдагч гэгддэг юм билээ.
Тус уурхайд цаг тутамд 8.5-9.5 мянган тонн төмрийн хүдрийг анхдагч бутлуур дээр буталж, гарсан эрдсийг дараагийн хэсгүүд рүү хуваарилдаг. Шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд дараагийн хэсгүүд рүү асуудалгүй шилжсээр экспортод гарах хэсэгт очиж, бусад уурхайнуудын төмрийн хүдэртэй холигдон эцсийн бүтээгдэхүүн болж экспортлогддог аж.
Гудай Дари уурхай нь үндсэн хүчин чадлаараа жилд 43 сая тонн төмрийн хүдэр гаргах боломжтой бөгөөд дижитал уурхай гэдгээрээ онцлогтой. Уурхайтай танилцаж явахад цаас барьсан ажилтныг нэг ч хараагүй бөгөөд бүгд гар утсаараа бүх үйл ажиллагаагаа явуулж байгаагаар л нүдэнд тод туссан. Мэдээж уурхай хэдий автоматажсан ч хүний оролцоотой зарим ажил бий. Гудай Дарри уурхайн талбарт өдөрт 800 орчим ажилтан уртын ээлжээр ажилладаг байна.
Уурхай 220 тонны даац бүхий томоохон трак машинуудыг үйл ажиллагаандаа ашигладаг. Дэлхий дээр устөрөгчөөр ажиллаж байгаа анхны томоохон техник хэрэгслүүд ажиллаж байгаатай бид танилцсанаа онцлох нь зөв байх.
Ийнхүү уул уурхайд автоматжуулалтыг нэвтрүүлсэн нь өнөөдөр үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг багасгах зорилтод чухал үүрэг гүйцэтгэж байгааг уурхайн ажилчдын зүгээс хэлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор манай аяллын багийнхны чихэндээ хоногштол сонссон үг нь "Аюулгүй байдлын үүднээс..."
Уурхайн удирдлагын төв нь "Рио Тинто"-ийн, Баруун Австрали дахь 17 уурхайн үйл ажиллагааг удирддаг. Ингэхдээ 1,500 гаруй километрийн зайтай орших Перт хот дахь уурхайн удирдлагын төвөөс үйл ажиллагааг хянаж, машинуудыг жолоодож байв.
Уурхайн удирдлагын төвөөс нэг ажилтан дунджаар 30 орчим машиныг алсаас жолооддог гэхээр уурхай бидний төсөөллөөс илүү дээд түвшинд инновацлаг болсныг илтгэнэ.
Олборлолтын хэсгээс төмрийн хүдрийн биетийг төмөр замын сүлжээгээр боомт руу дамжуулж буй.
Пилбарагийн 2,000 км төмөр зам зөвхөн "Рио Тинто"-ийн уурхайн эрдсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд зориулагдсан нь гайхалтай. Өөрөөр хэлбэл, тус төмөр зам зорчигч тээвэр болон бусад тээвэрт ашигладаггүй гэсэн үг. Монгол Улсын хувьд зөвхөн "УБТЗ” ХНН-ийн төмөр замын сүлжээний нийт урт 1820.9 км гээд бодохоор ямар нүсэр дэд бүтэц болох төсөөллийг авах байх.
Нэг галт тэрэг 2.5 км орчим урттай. Нийт 220 зүтгүүр 13,500 чингэлэгтэй. Нэг чингэлэгт ойролцоогоор 240-260 сая тонн бүхий төмрийн хүдрийг ачиж, тээвэрлэдэг байна.
Мөн дээрх зургаас харвал уурхай нарны сэргээгдэх эрчим хүчний тусламжтайгаар зарим үйл ажиллагааг явуулж байгаа нь харагдаж байна.
Бидний зочилсон дараагийн маршрут бол Дампер боомт.
Энэ талаар "Рио Тинто"-гийн Дампер боомт болон Далайн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Мишель Радлай хэлэхдээ "Дампер боомтод Пилбарад байдаг 17 уурхайн бүтээгдэхүүнүүд галт тэргээр ирж, хоорондоо нийлдэг. Ирсэн бүтээгдэхүүнүүдийг орцоор нь хольж, худалдан авагчийн хүсэж буй бүтээгдэхүүнийг гарган, туузан дамжуулагчаар усан онгоц руу ачаад худалдан авагч руу буюу дараагийн боомт руу хүргэдэг юм.
Боомтод цахимжилт өргөн хүрээнд нэвтэрсэн. Энд явагдаж буй ихэнх үйл ажиллагаа автоматжуулалт дор явагдаж байгаа. Гэхдээ огт хүнгүй гэсэн үг биш. Ойролцоогоор 500 орчим хүн боомт дээр ажилладаг бөгөөд голлон засвар үйлчилгээ, бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангах болон тээврийн хөлөгт ачаа ачихад хяналт тавих зэрэг ажлыг хийж байна. Боомтод буй автоматажсан төхөөрөмжүүдийн дийлэнхийг нь Перт хотод байдаг манай үйл ажиллагааны төвөөс удирдаад жолооддог.
Мөн тус төвд үйл ажиллагааг бүрэн хангаад явахад тусалдаг мэдээллийн технологийн салбарынхан ажиллаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна" хэмээн ярилаа.
Дампер боомтоос л гэхэд өдөрт 450 мянган тонн орчим төмрийн хүдрийн бүтээгдэхүүнийг гаргадаг. Баруун Австрали дахь боомтуудаас өдөрт 1.1 сая орчим тонн төмрийн хүдрийн бүтээгдэхүүн өдөр бүр гаргадаг" хэмээн ярилаа.
Дэвшилтэт, бүрэн автоматажсан дэлхийн уурхайтай танилцсан тэмдэглэлээ ийнхүү төгсгөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!