"Улаанбаатар БҮК" ХК манай улсын төмөр замын суман шилжүүлгийн анхны бетон дэрийг дотооддоо үйлдвэрлэснээ танилцууллаа.
Хос төмөр замын салаалах хэсгийг суман шилжүүлэг хэмээн нэрлэдэг. Монголын төмөр зам дээр Р65 ангиллын 3,000 орчим суман шилжүүлэг байгаагаас ихэнх нь модон дэртэй. Суман шилжүүлгийн модон дэр буюу дүнзийг олон улсын стандартад нийцүүлсэн бетон дэртэй болгох шаардлага байгаа юм.
Бетон дэр нь аваар осол багатай бөгөөд олон жил ашиглах боломжтой. Харин суман хөшүүргийн модон дүнз нь найман жилийн хугацаанд ашигладгийг төмөр замын инженерүүд онцолж байв.
Тэгвэл олон улсын стандартад нийцсэн төмөр замын суман шилжүүлгийн бетон дэрний үйлдвэртэй болох ажлыг "Улаанбаатар БҮК" ХК 2019 оноос эхлүүлж анхны бүтээгдэхүүнээ танилцуулав.
Төмөр замын суман шилжүүлгийн бетон дэрний ач холбогдлын талаар "Улаанбаатар БҮК" ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Золжаргал тайлбарлалаа.
Тэрбээр "Монголчууд төмөр замынхаа суман шилжүүлгийн дэрийг модоор хийх, эсвэл гаднаас худалдан авдаг байсан. Суман шилжүүлгийн модон дэр буюу дүнзийг хамгийн сайн чанарын модоор хийдэг. Хамгийн ихдээ найман жилийн хэрэглээтэй. Их хэмжээний мод ашигладаг учир байгаль орчин сөрөг нөлөөтэй байсан.
Дэлхий нийтээрээ суман шилжүүлгийн дэрийг бетоноор солиод олон жил болж байна. Манай компанийн үйлдвэрлэж буй бетон дэр нь ойролцоогоор 50 жилийн насжилттай юм. Төмөр замын бетон дэрэнд хэрэглэдэг 13:230 гэсэн евро стандартыг манай компани улсдаа нэвтрүүлж чадлаа. Бетон дэр нь модноос илүү бат бэх учир осол аваар гаргах магадлал буурна.
Одоогийн байдлаар Р65 замын төмөрт тохирох 1/11 төрлийн суман шилжүүлгийн төмөр бетон дэр үйлдвэрлээд байна. Харин Р55 замын төмөрт тохирох 1/9 суман шилжүүлгийг хийж байгаа.
Суман шилжүүлгийн бетон дэрийг дотооддоо үйлдвэрлэж байгаа учир зардлын хувьд хамаагүй хямд. Мөн суман шилжүүлэг үйлдвэрлэдэг технологийг Монголын инженерүүд бүтээснээрээ онцлог үйл явдал боллоо.
Хэрэв гадаадаас худалдан авбал 500 мянгаас нэг сая долларын өртөгтэй байсан. Манай үйлдвэрлэж буй бетон дэр ойролцоогоор 70 гаруй сая төгрөгийн өртөгтэй гарах байх. Харин бетон дэрний дээд талын төмрийг хоёр хөршөөсөө худалдан авна.
Суман шилжүүлгийн төмөр замтай холбох бэхэлгээ доод талын ивүүр төмрийг дотооддоо үйлдвэрлэхээр зорьж байгаа. Эхний туршилтын загварыг үйлдвэрлэчихсэн байгаа" хэмээн ярив.
Монгол улс нь 1,111 км урт гол төмөр замтай.
Тус компани нь төмөр замын суман шилжүүлгийн төмөр бетон дэр үйлдвэрлэх шугамыг шинээр нэвтрүүлж байгаа юм. Эхний ээлжид гурван төрлийн суман шилжүүлгийн төмөр бетон дэрнүүдийг үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж.
Энгийн бетон дэр нь нэг километр төмөр замд 1,680 ширхэг ордог аж. "Улаанбаатар БҮК" ХК нь нэг жилийн хугацаанд 500-700 мянган ширхэг төмөр замын энгийн бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай гэв.
Харин төмөр замын нэг иж бүрэн суман шилжүүлэгт 106 ширхэг бетон дэр ордог. Тус компани нэг бүтэн суман шилжүүлгийн дэрийг нэг долоо хоногт үйлдвэрлэдэг. Тэгэхээр жилд 54 ширхэг суман шилжүүлгийн бетон дэр нийлүүлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг бүтээн байгуулжээ. "Улаанбаатар БҮК" ХК нь суман шилжүүлгийн хэсгийн бетон дэрийг 40 метр урттай гурван эгнээ шугамаар үйлдвэрлэх юм.
"Улаанбаатар БҮК" ХК-ийн үйлдвэрлэж буй бетон дэрний ашгийн талаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн инженер А.Чинбат өөрийн байр сууриа хуваалцлаа.
Тэрбээр "Одоогоор манай улсад ашиглаж байгаа төмөр замын суман шилжүүлгүүд нь модон дэртэй. Бетон дэр орж ирснээр модон дүнзийг халж байна гэсэн үг.
Мөн импортоор орж ирдэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Гэхдээ одоо ашиглаж буй модон дүнзнүүдийг бетон дэрээр солих ажил удаан хугацаанд үргэлжлэх байх" хэмээн ярилаа.
"Улаанбаатар БҮК" ХК нь анх 1984 онд "Байшин Үйлдвэрлэх Комбинат" нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1996 он хувьчлагдаж өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа шинэчлэн хөгжүүлж барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүнээр хангах болжээ.
Одоогийн байдлаар орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна 1,345 метр өөрийн төмөр зам, өндөр даацын гүүрэн кранууд, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лабораторитой.
Тэрбээр технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт бүхий үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн инженер техникийн ажилчидтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанар стандартын дагуу харьцангуй хямд өртгөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Мөн төмөр замын доод бүтцэд ашиглах дугуй, дөрвөлжин төмөр бетон хоолой хашааны шон, гүүрний дам нуруу зэргийг үйлдвэрлэж нийлүүлдгээрээ онцлогтой юм.
"Улаанбаатар БҮК" ХК зарим тоон баримтыг дурдвал:
"Улаанбаатар БҮК" ХК нь байгуулагдсанаасаа хойш төмөр замын олон төсөл дээр өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Тодруулбал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!