Замын хөдөлгөөний удирдлагын RFID системийн талаар Ж.Сүхбаатар сайд өнөөдөр мэдээлэл өглөө.
Авто замын 161 уулзвар дээр RFID системийг байршуулснаар тээврийн хэрэгслийн зорчилт хөдөлгөөнд бүртгэл хийгдэнэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 2.8 сая гаруй тээврийн хэрэгслийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэж, зөрчилд хяналт тавих боломжтойг тэрбээр хэллээ.
Сайд Ж.Сүхбаатар "Жишээлбэл RFID системийн мэдээллээс харвал өнөөдрийн байдлаар 11,000 гаруй зам тээврийн осол гарсан байна. Гэтэл 76 хувь нь торгуулиа төлөөгүй байна.
Иргэдийн зүгээс торгууль, даатгалаа төлдөггүй, үзлэг, оношилгоонд ордоггүй машинуудыг яагаад явуулдаг юм бэ гэж асуудаг.
Улаанбаатар хотод өдөр тутам хөлхөж буй 450,000 гаруй машины хөдөлгөөнийг дунд нь орж зогсоод "Чи даатгалаа төлсөн үү, үгүй юу" гэж нэг бүрчлэн хянаж чадахгүй. Ингэж зогсвол түгжрэл дээр түгжрэл нэмнэ. Ийм боломж ч байхгүй. Зарим нэгэн уулзвар дээр боломж байлаа ч хүндрэлтэй.
Цаашдаа нийслэлийн замын хөдөлгөөнийг гар аргаар удирдахад төвөгтэй байгаа учраас замын хөдөлгөөний удирдлагыг ухаалаг систем рүү шилжүүлэх гэж байгаа алхам.
Сүүлийн шатны ажлыг иргэдийн оролцоотойгоор энэ өвөл хийгээд дуусчихвал тээврийн хэрэгслийн зөрчлийг эрс багасгана.
Үүнийг зөв ажиллуулаад явбал зохиомлоор үүсгэдэг түгжрэлийг 20 хувиар шууд бууруулах боломжоор хангагдана. Замын хөдөлгөөний танхайрлыг зогсоох чухал алхам" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!