Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв нь Драгон төвөөс баруун тийш 1.5 км зайд байрлах 5 дугаар баазын зэргэлдээх Номин худалдааны төвд нүүн орж, өнөөдөр буюу наймдугаар сарын 25-наас хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэснээр иргэд Толгойт чиглэлийн зам дагуух Номин худалдааны төвийн хажууд байрлах авто вокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг авдаг болж байна.
Тус байршилд очсоноор нийтийн зориулалтын талбай, үйлчилгээний талбай, автобусны зогсоол, хүлээлгийн танхимын багтаамж нэмэгдэж байгааг АТҮТ онцлов.
Шинэ байр нь эмчийн өрөө, нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофе шоп, хоолны газар, хүүхэд саатуулах өрөөтэй байна.
Уг авто вокзал орон нутгийн 36 чиглэлд оргил ачааллын үед 150 автобусаар 12,000, энгийн үед 65 автобусаар 5,000 иргэнд үйлчилдэг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!