Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тайж хайрханы бэлд энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулав.
Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалийг соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд 30 гаруй хөтөлбөрийн дагуу нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын төлөөлөл оролцож нийтдээ 1,100 гаруй нүүдэлчид хуран чуулжээ.
Увс аймгаас “Ардын язгуур урлаг” ай савын “Баяд бий биелгээ” өвийг өвлөн уламжлагч М.Жалк “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирж ирээдүй хойч үедээ Баяд бий биелгээн онцлогийг танилцуулсан бол ноос савах, шагайн наадан, утас ээрэх ирсэн зочид хүүхэд залууст зэргийг таниулсан байна.
Монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн болохыг салбарын сайд Ч.Номин зарлажээ.
Фестивальд Япон улсын Элчин сайд Х.Кобаяши, АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган, Австрали Улсын Элчин сайд Кэйти Эйнсли Смит, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко нар, БНХАУ-ын ӨМӨЗО, Унгар Улс, Казахстан, Киргизстан, Өмнөд Солонгос, Буриад, Халимаг, Саха, Тува, Турк улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид оролцов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!