Өчигдрийн орсон хүчтэй борооны улмаас БЗД-ийн 21, 27, 29-р хорооны нутаг дэвсгэрт уулын үер буусан.
Энэ үеэр дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсон юм. Иймд ослын улмаас амь эрдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр Монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэжээ.
Тус ажилд хувийн хэвшлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг Нийслэлийн онцгой комиссоос хүслээ.
Нийслэлийн засаг дарга Д. Сумъяабазар "Үерийн гамшгийн эрсдэлийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна" гэв.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байгаа юм байна.
Үерт өртсөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллажээ. Одоогийн байдлаар Орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!