Баянзүрх дүүрэгт буусан үерийн улмаас хохирсон иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар УОК-оос мэдээлэл өглөө.
Шадар сайд С.Амарсайхан "Үерт өртсөн иргэдийн хохирлын хэмжээний үнэлгээ хийгдэж байгаа. Өнгөрсөн сард болсон үерийн хохирлын үнэлгээ эхнээсээ УОК, НОК дээр нэгтгэгдэж байгаа. Өчигдөр болсон үерийн хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагууд гаргана" гэв.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Баянзүрх дүүрэгт газар олголт хийсэн хүмүүсийн асуудлыг авч үзэх ёстойг иргэд хэлж байсан.
Улаан цайм уулын үер буудаг хэсгүүдийг тэгшлээд газар олголт хийгдсэн. Иймээс үер усны гамшигт өртөх, орон гэр, амь насаа алдах нөхцөл байдал үүссэн учир тэнд буусан иргэдийн буруу гэхээсээ илүүтэйгээр хэн газар олгосон, үер усны замыг хааж газар олгосон бол үүнээс сэргийлэх ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийснийг харах ёстой гэж бид үзэж байгаа.
Дэлхийн зөн ОУБ, НҮБ-уудтай хамтран өөрийн төсөв санхүүгийн хүрээнд гамшигт өртсөн айл өрхүүдэд орон гэр, хүнс, бараа материалын дэмжлэг үзүүлнэ. Цэвэрлэгээ, ариутгал хийх санхүүжилтийг хуулийн дагуу ХНХЯ Онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулна.
ОБЕГ орон нутагт хороо бүрд ажилтан байдаггүй. Халамжийн ажилтан, хэсгийн ахлагч нар онцгой нөхцөлд УОК-ын үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хамтран ажиллах үүрэгтэй байдаг.
Нэн түрүүнд гамшигт өртсөн айл өрхүүдийг холбогдох халамж, дэмжлэгт хамруулж, цэвэрлэгээ ариутгалыг хийнэ" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!