"Даншиг наадам-Хүрээ цам" наадам Хүй долоо худагт эхний өдрөө үргэлжилж байна.
Эрт үеэс Хүрээнд нийтийг хамарсан Хүрээ цам, Хүрээ даншиг наадам, Хүрээ майдар гэсэн гурван арга хэмжээ зохион байгуулагддаг байжээ. Тус арга хэмжээнд Хүрээний иргэдээс гадна газар бүрээс сүсэгтэн олон, сонирхогчид ирж оролцдог байв.
Монголын Хүрээ цам нь 1811 онд дөрөвдүгээр Богдын тааллаар Хүрээнд анх үүссэн түүхтэй. Үүнээс хойш 1937 он хүртэл тасралтгүй Хүрээнд гарч байлаа. Их хэлмэгдэлтийн үеэр тасарч 1999 онд Гандантэгчэнлин хийд яг уламжлалынх нь дагуу дахин сэргээсэн хэмээн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн да лам Х.Бямбажав ярив.
Энэ удаагийн "Даншиг наадам-Хүрээ цам" наадамд гадаад дотоодын олон жуулчин ирсэн харагдана. 2,000 хүний суудалтай Хүй долоо худгийн төв цэнгэлдэх бүрэн дүүрчээ. Үндэсний дээл хувцсаараа гоёсон монгол туургатан, алс холын Энэтхэг улсаас ирсэн лам нар, дотоодын наадамчин олон Цам харайх ёслолыг үзэхээр цуглаад буй нь энэ юм.
Хэрэв та Хүй долоон худагт анх ирж байгаа бол машинуудын зогсоол угтах болно. Тээврийн цагдаагийн албаны ажилтнууд машинуудыг зохицуулж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл авсан бол цааш орох боломжтой юм.
Хүй долоон худгийн автомашины зогсоолоос 500 метр явсны дараа төв цэнгэлдэх нь харагдана. Төв цэнгэлдэхэд ирэх хүртэл хөгжөөнт тоглоом, хоолны жижиг мухлагууд, аялагчдын майхантай та таарна. Монгол гэрийн хэлбэр бүхий төв хаалгаар орсны дараа та Хүрээ цам ёслолыг үзэх юм.
Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа 11:00 цагаас эхэлсэн. "Даншиг наадам-Хүрээ цам" наадмын үеэр таны сонирхлыг татаж болохуйц үзвэр, талбайн гадна орчны талаарх мэдээллийг хүргэж байна.
Норвегийн бизнесмэн Оскар Мамен 100 жилийн өмнө манай улсад ирж хэсэг хугацаанд амьдарч байжээ. Тэрбээр хүрээнд болж буй үйл явдлыг хальсандаа буулгасан бөгөөд 1913 оны Хүрээ цамын ёслолын зургийг авсан аж.
Түүний зургуудыг түүхийн ухааны доктор О.Батсайхан наадамчин олонд хоёр өдрийн турш танилцуулж байна. Тус үзэсгэлэнд 100 жилийн өмнөх монголчуудын амьдралыг үзүүлсэн нийт 80 гаруй зураг дэлгэгджээ. Үзэсгэлэн гарч буй газарт одоогоос 100 жилийн өмнө шалнаасаа халдаг монгол гэр байсан талаар түүхч О.Батсайхан ярилаа.
"Даншиг наадам-Хүрээ цам" наадамд зориулсан таван төрлийн идээ ундааны амталгаа бүхий зоогийн ширээг зохион байгуулагчдын зүгээс засжээ. Тус зоогийн ач холбогдлын талаар Монголын мастер тогооч Э.Энх-Алдар тайлбарлалаа.
Тэрбээр "Монгол таван идээ ундаа буюу цагаан, ногоон, шар, улаан, хар гэсэн төрөлтэй байдаг. Цагаан идээнд сүүн бүтээгдэхүүн, улаан идээнд махан идээ багтдагаараа онцлог.
Таван төрлийн идээ будааг жуулчдад танилцуулахаар хоёр өдрийн турш амталгаа хэлбэрээр зассан. Наадамчин олон манай асраар зочилж Монголчуудын уламжлалт идээ будааг амтлах боломжтой" хэмээн ярив.
Наадмыг хуушуургүйгээр төсөөлж боломгүй мэт. Даншиг наадамд ирсэн хүн бүр наадмын хуушуурыг амталж байв. Төв талбайг тойроод хуушуур зарж байгаа бөгөөд хэмжээнээсээ хамаараад 2,000-3,000 төгрөгийн үнэтэй байна. Таныг төв хаалгаар оронгуут хуушуур зарж буй худалдаачид тосож авна. Маш сайхан харилцаатай тэд хүнсний аюулгүй байдлыг хангасан хэмээн бахдан ярих болно.
Төв хаалганы баруун, зүүн талд морь, тэмээ унуулж буй хүмүүс зогсох аж. Нэг морийг 5,000 төгрөгөөр унах бөгөөд ойролцоогоор нэг километрын зайд явуулна. Харин тэмээг харьцангуй ойр зайд унуулж байна. Нэг тэмээг 300 метр газарт 10,000 төгрөгөөр унуулж байгаа бөгөөд ихэнхдээ жуулчид оочерлож харагдлаа.
Өнгөрсөн жилүүдийн Хүрээ цамд 1,500-2,500 гаруй жуулчин оролцдог байжээ. Харин энэ жилийн наадамд 3,000 давсан зочид төлөөлөгчид ирснийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Олон хүн цугларч буй энэ үед нийтийн бие засах газар, хогийн сав хамгийн том асуудал болдог билээ. Тэгвэл энэ жилийн наадамд зочид өргөн оролцоно хэмээн төлөвлөсөн учир монгол наадмын 20, хот тохижилтын газрын эко 30, нийт 50 нийтийн бие засах газрыг байрлуулсан байна.
Тиймээс нийтийн бие засах газарт наадамчин олон урт очиргүй үйлчлүүлж байгаа ажиглагдана. Мөн 50 метр тутамд хогийн сав байршуулсан аж. Жил бүрийн баяр наадмын үеэр хог, нийтийн бие засах газрын асуудал яригддаг. Харин энэ жилийн "Даншиг наадам-Хүрээ цам" наадам хоггүй цэвэрхэн болж байгааг наадаж буй олон онцолж байна.
Наадамчид, жуулчдын ихээхэн орж буй газар бол худалдааны асрууд. Энэ удаагийн наадамд 40 гаруй асарт 152 дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа юм.
Зөвхөн жуулчид гэхээс илүү иргэд маань дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг авч байгааг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ярьж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|