Өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны 10:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 43-р хороо Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар, гарааш, Баянмонгол хорооллын нүхэн гарц, “S outlet дэлгүүр”, Баруун уулын далан, Дүнжингарав худалдааны төвийн далан үерийн усанд автаад буй.
Холбогдох байгууллагынхан Сэлбэ голын дагуу ажиллаж, хальж урсаад байсан хэсгийг барьж, хотхон руу орох урсгалыг зогсоожээ. Гэсэн ч иргэдийн зарим нь гэрээсээ "дайжиж", зарим нь өвдгөөр татсан бохир ус туулан орж, гарч байна.
Хотын дарга "Үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтооно. Хамгийн гол нь хүний амь нас эрстэж болохгүй гэдэгт анхаарч байна. Эд хөрөнгийн хохирлын хэмжээг хууль хяналтын байгууллага судлан шийдвэрээ гаргаж танилцуулна байх" хэмээн мэдэгдсэн юм.
Үерт автсан долоон байршилд 50 гаруй байгууллагын 500 орчим албан хаагч ажиллаж, 7-8 машин техникээр тасралтгүй үерийн усыг соруулж байна. Гэхдээ ус соруулахаас илүүтэйгээр голын усны түвшин нэмэгдэж, хальж байгаа тул голын урсгалыг жигдрүүлэх арга хэмжээ авч байгааг хэлэв. Цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид орц гарц хаагдсан байрнуудаас иргэдийг гаргаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!