Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

IT хөтөлбөрийг таван ЕБС-д нэвтрүүлэх санамж бичгийг "Pearson" компанитай байгуулжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг Монгол Улс 2023 оноос 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлж буй. Туршилтын үр дүнгээс хамаарч, төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөн, ажиллаж байгаа билээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид Лондон хотод байрладаг "Pearson" компанийн төв оффист зочилжээ. Энэ үеэр талууд санамж бичиг байгуулсан байна.

Санамж бичгийн хүрээнд төрийн өмчийн сургуулиудад англи хэлний цогц хөтөлбөрийг үе шаттай нэвтрүүлэх, англи хэлний багш нарыг чадавхжуулах, үнэлгээний системийг сайжруулах, мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн /IT/ хөтөлбөрийг таван сургуульд хэрэгжүүлэх, сурагчдыг олон улсын мэргэжлийн сертификаттай төгсгөх чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролын байгууллагуудад судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар тусгаж, УИХ-ын нэгдсэн чуулганы эхний хэлэлцүүлгээр дэмжсэн. Англи хэлийг гуравдугаар ангиас нь зааж эхлэх зорилгыг хэрэгжүүлэхэд Pearson компанийн дэмжлэг чухал.

БШУЯ-наас англи хэлний хичээлийг

  • 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын бүх сургуулийн 5-6 дугаар анги
  • 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын бүх сургуулийн 3-4 дүгээр анги
  • 2025-2026 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Pearson English хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилд ашигладаг бөгөөд сурагчаас гадна багш давхар суралцах боломж бүрдэх юм байна.

Тус компани нь 150 гаруй жилийн түүхтэй бөгөөд дэлхий даяар 6,500 гаруй сургуультай хамтран ажиллаж, мэргэшүүлэх хөтөлбөр, олон улсын дунд сургуулийн хөтөлбөр, англи хэлний сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, жил бүр 3.4 сая суралцагч төгсгөдөг Английн боловсролын тэргүүлэгч байгууллага аж.