Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн хааны титмийг хамгийн өндөр насандаа зүүсэн хүн Чарльз боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Лондон хотын төвд Их Британийн хаан Гуравдугаар Чарльзын титэм зүүх ёслол болж өнгөрлөө.

Өнгөрсөн оны есдүгээр сард хатан хаан Элизабет 96 насандаа таалал төгссөний дараа Чарльз хаан ширээг залгамжилсан юм.

Титэм зүүх ёслол нь уламжлал ёсоор өмнөх хааныг оршуулснаас хойш хэдэн сарын дараа “тохиромжтой цаг үед” зохион байгуулагдаж байна.

74 настай Чарльз тус улсын хаант ёсны 1,000 орчим жилийн түүхэнд хамгийн өндөр насандаа титэм зүүсэн эрхэм болж байгаа.

Түүний эх хатан хаан Элизбет хамгийн удаан төр барьсан Британийн хаан болж түүхэнд бичигдсэн юм.

Элизабет нь хаан эцгээ 1952 онд нас барсны дараа титэм зүүж байжээ.

13 дугаар зуунд баригдсан Уэстминстер Аббэй ордонд болсон титэм зүүх ёслолын ажиллагаанд 2,300 орчим хүндэт зочин урилгаар оролцсоны 100 орчим нь дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд, хаад язгууртнууд байлаа.

Чарльзын ёслол 70 жилийн өмнө болсон Элизабетын ёслолоос харьцангуй цомхон болж өнгөрсөн юм.

Тухайлбал хатан хааны титмийн ёслолд 8,000 орчим зочин уригдаж байжээ.

Ёслолын дараа болдог уламжлалт баярын жагсаал 70 жилийн өмнө 8 км урт зам туулж байсан бол энэ удаа 2 км зам туулсан юм.

Дэлхийн томоохон улс гүрнүүдээс АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ёслолд оролцоогүй байна.

АНУ-аас тэргүүн хатагтай Жилл Байден, Хятадын талаас дэд ерөнхийлөгч Хан Зэнь оролцжээ. БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар хаан Чарльз, хатан Камилла нарт баярын мэндчилгээ ирүүлсэн байна.

Титэм зүүх ёслолын ажиллагаанд оролцсон гадаадын удирдагчдыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен нар тэргүүлжээ.

Ёслолын ажиллагаанд 2 сая орчим Британийн иргэн оролцох тооцоог Лондон хотын цагдаагийн газар гаргаж, дэг журам сахиулах арга хэмжээг авч ажилласан байна.

Хатан хаан Элизабетыг нас барсны дараа Британийн олон нийтийн дунд хаант засаглалд эргэлзэх эргэлзээ нэмэгдсэн хүнд хэцүү цаг үед Чарльз хаан болж байна.

Өчигдрийн ёслолын үеэр зарим хүмүүс хаант засаглалыг эсэргүүцсэн үйлдлүүд гаргасан юм. Тэдний зарим нь эдийн засгийн хямралтай хүнд цаг үед ийм нүсэр ёслолын ажиллагаа зохион байгуулсныг шүүмжилж байв.

Харин Букингэмийн ордон энэхүү ёслолын ажиллагаа Их Британийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Британичуудын хэрэглээ нэмэгдэж, эдийн засагтаа $10 тэрбумын өсөлт авчрах тооцоог зарим судлаачид гаргажээ.

Хаан Чарльз, хатан Камилла нар титмийн ёслолын дараа төрийн алтан сүйх тэргээр Букингэмийн ордонд буцаж ирсэн юм. Тэднийг 7,000 орчим цэрэг дагалдсан байна.

Сүйх тэргийг 1831 оноос хойш ашиглаж байгаа юм.

Шинэ хаан, хатан хоёр уламжлал ёсоор ордны тагтан дээр зогсоод Британийн агаарын зэвсэгт хүчний нисэх онгоцны үзүүлбэрийг үзэж сонирхжээ.

Уг үзүүлбэрт дэлхийн хоёрдугаар дайны үеийн онгоцноос эхлээд хамгийн орчин үеийн нийт 60 онгоц оролцох төлөвлөөтэй байсан ч бүрхэг, бороотой цаг агаарын улмаас тоог нь хязгаарласан байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: The Guardian