Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан байдаг.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтэд "Дэлхийн өнцөг булан бүрд хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна. Худал мэдээлэл, үзэн ядалтын үг хэллэг нь үнэнийг гуйвуулж, бодит баримт ба зохиомж, шинжлэх ухаан ба нууц хуйвалдаан хоорондын заагийг бүдгэрүүлж байна.
Хэвлэл мэдээллийн салбар цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрч, бие даасан хараат бус мэдээний агентлаг байгууллагууд санхүүгийн чадавхгүй болж, сэтгүүлчдийг барих нухчин дарах гэсэн хууль дүрэм журам нэмэгдэж байгаа. Энэ нь олон нийтийн мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг улам бүр хязгаарлах, хяналт тогтоохыг оролдож байна" хэмээн тэмдэглэжээ.
Манай улс уг өдрийн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон бусад байгууллага хамтран "Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийн хөшүүрэг" сэдэвт форум зохион байгуулсан юм.
Үргэлжлүүлэн Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акцыг Д.Сүхбаатарын талбайд хэвлэл мэдээллийн салбарынхан, хүний эрхийн байгууллагууд хамтран хийсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!