Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба(УБЗАА)-наас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр хаврын их цэвэрлэгээний талаар мэдээлэв.
Их цэвэрлэгээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд УБЗАА бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа "Өнгөрсөн долоо хоногт айл өрх, аж ахуйн нэгжүүдийн 20,000 тонн хог хаягдлыг давхардсан тоогоор 914 машинаар 5,000 удаагийн рейсээр тээвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн. Ингэхдээ авто замд ачаалал үүсгэхгүйн тулд шөнийн цагаар тээвэрлэсэн. Мөн түгжрэл үүсдэг, ачаалал ихтэй замын цэвэрлэгээг шөнийн цагаар хийх горимд орсон.
Эзэнгүй муур, нохойн асуудал хөндөгдөж байгаа. Зургаан дүүрэгт энэ сарын 4-9-нд эзэнгүй 1,035 муур, нохойг устгасан. Энэ ажил тогтмол явагддаг" гэлээ.
Түүнчлэн их цэвэрлэгээний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс өгсөн мэдээллээр, энэ долоо хоногт 2,078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!