“My heart will go on”, “Always remember us this way”, “Something stupid”, “How deep is your love”, “La La Land”, “Sway”, “I have nothing” зэрэг хүн төрөлхтний бүх цаг үеийн шилдэг хайрын дуунуудыг сонсон гэгээн Валентины баярыг тэмдэглэхээс өөр тансаглал үгүй биз ээ.
Дэлхийн бүх цаг үеийн шилдэг хайрын дуунуудаас эгшиглэх “LOVE STORY” тоглолтын сурталчилгаа гарсан цагаас үзэх сэн хэмээн хүсэн хүлээж байсан хүмүүсийн нэгний хувиар танд энэхүү гайхалтай мэдрэмж өгсөн тоглолтын талаар товчхон хуваалцъя.
BRAND MEDIA GROUP –ийн зүгээс гэгээн хайрын баярт зориулан зохион байгуулсан “LOVE STORY” тоглолтод Монголын анхны хувийн “Анир” поп оркестр өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж яваа чадварлаг дуучид хамтран дэлхийн шилдэг хайрын дуунуудыг шинэчилсэн найруулгаар тайзнаа амилуулсан нь хүлээлтээс давсан гайхалтай тоглолт болсон хэмээн зориглон дүгнэхэд хэтийдсэн болохгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь “LOVE STORY” тоглолт найруулга, зохион байгуулалтын өндөр түвшин, ур чадварын үнэнхүү илэрхийлэл болж чадлаа. Мэргэжлийн үг хэллэгээр томьёолон хэлж чадахгүй ч тав, магадгүй зургаан мэдрэхүй үнэнээс хол зөрөхгүй.
Тоглолтод МУ-ын филармонийн гоцлол дуучин Наагий, “Voice Mongolia show” –ны ялагч Энгүүн, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч Энх-Эрдэнэ, мөн дуучин Наки, Оюу, Ариу зэрэг чадварлаг уран бүтээлчид нэгэн тайзнаа бүх цаг үеийн шилдэг хайрын дуунуудыг поп оркестртой хоршин дуулсан нь урьд өмнө тавигдаж байгаагүй цоо шинэ шийдэл хийгээд гайхалтай хоршил байлаа.
“LOVE STORY” тоглолтын хөгжмийн дуугаралт үнэхээр супер байснаас гадна дуучдын сонголтыг онцолмоор байна. Өдгөө 20 гаруй жилийн түүхтэй Анир студийн дэргэдэх Монголын анхны хувийн “Анир” поп оркестрын шинэчилсэн найруулга бүхий бүтээлүүдээр тус тоглолт эхэлсэн бол МУ-ын филармонийн гоцлол дуучин Наагий тоглолтын оргил хэсэгт өөрийн болон дэлхийн шилдэг хайрын дуунуудыг дуулсан нь танхим дүүрэн үзэгчдийн уур амьсгалыг нэгэн цул болгож чадсан юм. Хоолойн цар хүрээ, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин Наки, Энгүүн, Оюу, Энх-Эрдэнэ, Ариу нар ч хүн төрөлхтний гайхалтай хайрын дуунуудыг эгшиглүүлсэн нь хүлээлтээс давсан тоглолт төдийгүй хайрын баярын хамгийн романтик үдэш болж чадлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!