Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Цусны донорын дэлхий дахины хөдөлгөөнөөр WeLoveU-гийн гишүүд 42 литр цус хандивлалаа

ikon.mn
2023 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

WeLoveU Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын 120 гаруй гишүүн цусны донорын дэлхий дахины хөдөлгөөнөөр “Халуун амь бүлээн цусаа хуваалцъя” уриан дор 42000мл цусыг өчигдөр буюу 2023.2.9-ний өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг (ЦССҮТ) зорин очиж хандивлалаа. Өглөө 09:00 цагт эхэлсэн цус хандивлах арга хэмжээ 5 цаг гаруй үргэлжилж, оролцогчид сайн үйлсийн бэлгэдэл болсон цагаан өнгийн цамцаар бүгд хувцаслаж, ихэд баяр баясгалантайгаар, эмх журамтай оролцож байв.

Тэд эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цус өгөх шаардлагад тэнцэх эсэхээ шинжлүүлсний дараа цусаа хандивласан бөгөөд ЦССҮТ-ийн ажилтнууд тэдэнд талархлаа илэрхийлэн, урам зориг өгч, найрсаг сэтгэлээр тусалж байлаа.

зураг
 

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа цугласан олны талаар догдлонгуй сэтгэлээ илэрхийлэн, “Энд байгаа та бүхний гаднах харагдах байдал гэрэл цацарсан өнгөлөг, дотоод сэтгэл ч эрч хүч, энэрэл хайр, баяр баясгалангаар дүүрсэн эрүүл хүмүүс цугларчээ. Эрүүл гэдэг үгийг онцлон хэлж байгаагийн учир нь хүн эрүүл байж л эрүүл цусаа бусдыг эрүүл болгохын төлөө өгч чадна. Ийм олон эрүүл хүмүүстэй уулзаад би бас маш их эрч хүчтэй болж, сэтгэл маш сайхан байна” хэмээн ярьсан юм.

Монголд өнөөдөр цус, цусан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ үргэлж өндөр байдгийг цохон тэмдэглэсэн ЦССҮТ -ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Монголд өнөөдөр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж олон арван хүний алтан амийг аварч байна. Элэг шилжүүлэн суулгахад цус бол хамгийн хэрэгцээтэй зүйл. Та бүхний хандивлаж буй цус чухам тэнд хэрэглэгдэж байгаа гээд бодохоор та бүхэн бол чимээгүйхэн ар талд нь байгаад эрдэнэт хүний алтан амийг аварч байгаа дүр нь гараагүй аврагчид юм” хэмээн энэ арга хэмжээнд оролцон цусаа хандивлаж буй хүмүүст урам хайрлаж, тэдний энэ эрхэм ариун үйлсийг сайшаан дэмжлээ.

зураг
 

НҮБ-ын Олон нийтийн мэдээллийн хэлтсийн түнш байгууллага болох WeLoveU олон улсын байгууллага нь эдүгээ 481 дэх удаагийн цусны донорын аян зохион байгуулж байгаагаараа олны анхаарлыг татаад байна. 

“Цусыг юугаар ч орлуулж, зохиомлоор бий болгох боломжгүй. Цус гэгч зүйл өөрөө амь гэж хэлсэн ч хэтрүүлэг болохгүй. Цусны хэрэгцээ их байгаа хөрш нийгэмдээ туслах цорын ганц арга бол цусаа хандивлах явдал л даа. Манай гишүүд эрдэнэт хүний амийг эрхэмлэн үзэж, тусламжийн гар сунгалаа. Цаашид улам олон хүн энэхүү үйлсэд нэгдэнэ гэдэгт итгэж байна” гэж WeLoveU-н албаны хүн ярьсан юм. 

ЦССҮТ-н Маркетинг, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаа хэлэхдээ, “ЦССҮТ болон WeLoveU олон улсын байгууллага тогтвортой хамтран ажиллаж, жил бүр цусны донорын үйл ажиллагааг 10 гаруй жилийн хугацаанд өрнүүлж. Сүүлийн жилүүдэд гамшиг осол нэмэгдэж байгаа бөгөөд энэ хэцүү үеүдийг давахад цэрэг хүчний байгууллага, оюутан залуус, сайн дурын донорууд, ялангуяа ТББ-ууд бидний арын фронт болж ажилласаар ирсэн. Хэдийгээр шинжлэх ухаан хөгжсөөр байгаа хэдий ч цусыг бий болгож чадахгүй байгаа. Зөвхөн хүн хүндээ өгч чадах энэ үнэ цэнтэй зүйлийг хагалгаанд орж байгаа хүмүүс, хорт хавдартай хүүхдүүд зэрэг хүмүүст байнга хэрэг болж байдаг учраас та бүхэндээ маш их талархаж байна” гэв.

“Би өнөөдөр энэ үйл ажиллагаанд анх удаагаа оролцож байна. Энэ WeLoveU хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Зан Гил Жа тэргүүнд Монголчуудынхаа өмнөөс маш их талархаж байгаагаа илэрхийлье. Яагаад гэвэл энэ хөдөлгөөн дэлхий дахиныг хамарч олон сая хүний амийг аврах чухал ажил хийгддэг юм байна” хэмээн Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв талархсанаа илэрхийлж байлаа.

зураг
 
зураг
 

WeLoveU-н гишүүн хэлэхдээ “Би WeLoveU-н гишүүн болохоосоо өмнө цусаа өгч байгаагүй. Ер нь яагаад өгөх ёстойг ч төдийлөн сайн мэддэггүй байсан. Харин одоо ганц миний өгч байгаа цусаар 3 хүний амийг аврах үнэ цэнэтэй ажил бөгөөд өөрийн биед ч бас сайн гэдгийг мэдсэн. Одоо би тогтмол цусаа хандивладаг донор болсон” гэлээ.

Бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 10 удаа бэлэглэсэн WeLoveU-н хоёр гишүүнд ЦССҮТ-өөс “Бахархал 10” тэмдэг гардуулан хадгалуулахдаа Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, “Та хоёр маань 10 удаа цусаа бэлэглэснээр нэг нь 30, хоёулаа нийт 60 хүний амийг чимээгүйхэн аварсан байна” гэж баяр хүргэв.

WeLoveU байгууллагын цус хандивлах арга хэмжээ энэ сарын 15-ны өдөр Дархан хотод үргэлжлэх юм байна. Энэ 2-р сарын сүүл гэхэд Солонгос, Филиппин, АНУ, Бразил, Аргентин, Кени, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад ч уг аяныг өрнүүлэхээр товлоод байгаа аж. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар тус байгууллага НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, ДЭМБ-аас баримталж буй “Сайн дураараа үнэ төлбөргүй цус өгөх” бодлогын талаар дэлхий нийтэд таниулах зорилготой.

2021, 2022 онд WeLoveU байгууллага нь цусаа хандивлах аяныг Монголд удаа дараа зохион байгуулсан бөгөөд “Ковид-19”-н улмаас цусны донорын тоо эрс буурч, цусны хомсдол нэмэгдсэн үед нэг удаагийн арга хэмжээгээр 49800 мл цус хандивлаж байжээ. 

зураг
 

Нэмж дурдахад WeLoveU байгууллага “Эхийн хайр” шингээсэн, нийгэмдээ халуун дулаан уур амьсгал төрүүлэхүйц олон ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. “Ковид-19” цар тахлыг даван туулахад туслах зорилгоор Эрүүл мэндийн яаманд 200 ширхэг хамгаалалтын хувцас, 5000 амны хаалт (KN95) хандивласан байна. Түүнчлэн БЗД-ийн 79-р сургуулийн номын санд засвар хийн тохижуулж, Хан-Уул дүүргийн 75-р сургуульд сургалтын материал, техник хэрэгсэл хандивлаж боловсролын салбарт дэмжлэг үзүүлжээ. Мөн Улаанбаатар хотын Туул гол, Сэлбэ гол, Дунд гол, Богд уул, Эрдэнэт хотын Сархиа уул, Наадмын цэнгэлдэх хүрээлэн, Дархан хотын Хараа гол, 9-р хорооны нутаг дэвсгэр зэрэг газруудад “Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг өрнүүлсэн нь цэвэр тухтай орчноос үүдэлтэй аз жаргалтай амьдралын үнэ цэнийг сануулах зорилготой байсан аж.

Энэхүү арга хэмжээнүүдийг Солонгос болон бусад оронд идэвхтэй өрнүүлсээр иржээ. Дэлхийн 30 орчим оронд “Ковид-19” хорио цээрийн дэглэмийн үеэр хамгаалалтын хувцас, хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг хандивлаад зогсохгүй АНУ, Гондураст болсон хар салхи, Эквадор, Япон, Энэтхэг, Лаос зэрэг улсуудад болсон үер, Непалд болсон хүчтэй газар хөдлөлт, Мозамбикт болсон цунами гэх зэрэг дэлхийн өнцөг булан бүрд гамшигт өртсөн бүс нутагт сайн дураараа хүрч очин, үнэгүй хоолоор үйлчлэх, нөхөн сэргээх, хандив тусламж үзүүлэх зэрэг аян өрнүүлж гамшигт өртсөн хохирогчдод туслан, урам дэм өгч байжээ. 

Глобал сайн дурын WeLoveU олон улсын байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа яаралтай тусламж, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг арилгах, ус, ариун цэврийн байгууламж байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах, боловсролыг дэмжих зэрэг үйл ажиллагаа нь “Save the World” төслийнх нь нэг хэсэг юм. Энэхүү төслөөрөө дамжуулан тэд “Дэлхийг аврах” (Saving the Earth), “Амь аврах” (Saving Lives), “Хүн төрөлхтнийг аврах” (Saving Humanity) гэсэн гурван үндсэн хөдөлгөөн хэрэгжүүлдэг ажээ. 

Тэд олон улсын хамтын нийгмийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй ертөнц бий болгохын төлөө ийнхүү хүчин чармайлт гаргасаар байна. Хүмүүнлэгийн үйлсэд тасралтгүй тууштай дэмжлэг үзүүлснийхээ үр дүнд тус хамт олон БНСУ-ын Төрийн дээд одон, АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (тэргүүн дээд шагнал, 8 удаа), Камбожийн Вангийн шагнал, Эквадорын үндэсний ассамблейн одонгоор шагнагджээ. Мөн Монгол улсад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хүндэт өргөмжлөл, Эрүүл мэндийн сайдын хүндэт өргөмжлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн даргын жуух бичгээр шагнуулж байжээ.