Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. “Мандчирын наран” ТББ-аас санаачлан тав дахь жилдээ үзэсгэлэн гаргаж байгаа аж.
Үзэсгэлэнгийн хойморт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй шүтээн урлалын дээжээс заларчээ.
Мөн шүр, сувд тэргүүтэй эрдэнээр чимж, алт, мөнгөн утас дарж оёсон зээгт наамал бүтээлүүдийг XIX зуунд урласан гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм.
Тухайн бүтээлүүд ямар дамжлагаар, хэрхэн хадгалагдаж ирсэн нь нууцын зэрэглэлтэй мэдээлэлд тооцогддог. Өөрөөр хэлбэл, эдгээр шүтээнийг Гандантэгчинлэн хийд зөвхөн тусгай хурал номын үеэр залдгаараа онцлогтой.
XIX зууны урчуудын хосгүй нандин шүтээнүүдийг олны хүртээл болгосон “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн энэ сарын 17-ныг дуустал Богд хааны ордон музейд дэлгээтэй байх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!