АПУ ДЭЙРИ Монгол Сүүний үйлдвэр малчдаас татах шингэн сүүний үнийг литр тутамд нэмэгдүүлж буйгаа дуулган, малчдын төлөөллийг хүлээж авч уулзлаа.
Иймээс хүн амын дархлаажуулалт, эрүүл мэндийн стратегийн хүнс сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд тасалдалгүй хүргэх нь тус үйлдвэрийн зорилго аж.
Монгол Улсад улирлын шинж чанартайгаар шингэн сүүний нийлүүлэлт саатдаг тул хэрэглэгчдэд түргэн шуурхай, тасалдалгүй бүтээгдэхүүн хүргэхийн тулд эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлттэй цаг үед шингэн сүү нийлүүлэгч малчдын орлогыг өсгөх, дэмжлэг үзүүлэх нь чухал болоод байна. Мөн цаашид ч малчин өрхийн орлого ашгийг нэмэгдүүлэн ажиллана гэдгээ тус үйлдвэрийн зүгээс илэрхийлсэн юм.
Ийнхүү үйлдвэрийн зүгээс үнийн бодлогоос гадна малчдадаа зориулан өвөлжилт хүнд хэцүү цаг үед 150 гаруй тонн хивэг тэжээлийн дэмжлэгийг үзүүлжээ.
Эдгээр нь амьдралд бодитой дэмжлэг болж буйг малчдын зүгээс илэрхийллээ.
Хан-Уул дүүргийн 13-р хорооны малчин Ж.Батхишиг "Би мал маллаад 14 жил, фермерийн аж ахуй эрхлээд долоон жил болж байна. Энэ өвөл нэлээн хүйтэн болж байна. Гэхдээ малын тэжээлийн үнэ өмнөх жилийг бодвол өндөр байсан л илүү хүнд туслаа. Хаврын урь унахаар арай дээрдэх болов уу гэх найдлага байна.
Сүүний гарцын хувьд дажгүй байгаа. Бид өдөрт 200-300 литр сүү өгдөг. Үхэрт өгч байгаа тэжээл, цаг агаарын нөлөөнөөс сүүний гарц шалтгаалдаг. Одоогоор 80 орчим үхэртэйгээс 30 гаруй нь саагдаж байна. Өвөлжилтийн хүнд хүнд цаг үед малчдаас авах сүүний литр тутмын үнийг нэмэгдүүлж байгаа сайхан мэдээг сонслоо.
АПУ ДЭЙРИ компанитай долоон жил хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хөл хорионы хүнд үеэр алгасахгүй сүү авч малчдыг тогтмол орлоготой байлгаж байсан" хэмээн ярилаа.
Батсүмбэр сумын "Нарны гэгээн сааль" хоршооны дарга Ё.Амарзаяа "Энэ жил өвөлжилт их хүнд байна. Юмны үнэ өсөж байгааг дагаад малын тэжээлийн үнэ ч өссөн. Малчид хивэг, тэжээлээ өндөр үнээр авч байгаа болохоор сүүний үнэ бага хэвээрээ байвал их хүндрэлтэй. АПУ ДЭЙРИ компанитай хамтарсан давуу тал гэвэл яг энэ хэцүү үед малчдаас авах сүүний үнээ нэмж өгч байгаа явдал. Өвөл сүүний гарц зуны улирлыг бодвол 50 хувь багасдаг болохоор хангалттай их өвс тэжээл малдаа өгөх шаардлагатай. Дээрээс нь хавар мал төллөлтийн ажил өрнөдөг тул 3-4 сард сүүний гарц мөн багасдаг. Малчны хотноос сүүг нь авдаг болохоор үйлдвэрээр дамжиж байгаа сүүг маш чанартай гэж хэлмээр байна" гэв.
Малчдын төлөөлөл ийнхүү сэтгэгдлээ хуваалцсаны дараа үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр АПУ ДЭЙРИ Монгол Сүүний үйлдвэрийн лабораторийн менежер Д.Хишигжаргал "Бид Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн хажууд зогсож байна. Манай лаборатори түүхий эдээс авхуулаад бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагын шинжилгээг хийдэг. Эхний шинжилгээ нь малчид, фермерүүдээс сүүгээ авах үеэс эхэлдэг ба шаардлага хангасан сүү машинд ачигдаад үйлдвэрт ирдэг.
Түүхий сүүг хими болоод микробиологийн 22 үзүүлэлт шаардлагыг хангасан тохиолдолд үйлдвэрлэлдээ түүхий эд болгон оруулдаг. Бэлэн бүтээгдэхүүнийг мөн адил 20-25 үзүүлэлтээр тодорхойлоод шинжилгээний шаардлага хангасан тохиолдолд хэрэглэгчийн гарт хүргэдэг. Сүү улирлын шинж чанартайгаар өөрчлөгддөг бөгөөд өвлийн нөхцөлд шинж чанараа сайн хадгалж ирдэг" гэлээ.
Сүүний үйлдвэрийн хувьд савлах болон боловсруулах гэсэн хоёр хэсэгтэй.
Боловсруулах хэсэг Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба бүрэн автомат хэсгээс бүрддэг. Савлах хэсэг нийт долоон төрлийн савлах шугамтай. Эдгээр дээр нийт 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн савлагддаг болохыг АПУ Дэйри ХХК-ийн Ундны сүү хариуцсан технологич Б.Баярсайхан хэлсэн юм.
Ийнхүү хэрэглэгчдийн худалдан авалт АПУ Дэйри монгол сүүний үйлдвэрийн “Дээд” “Сайн” “Монгол сүү” “Pro+” бүтээгдэхүүнээр дамжин хөдөө аж ахуйн тулгуур оролцогчид болсон малчдыг дэмжиж буйг дуулгахад таатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!