Койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан өрх толгойлсон ээжүүд болон бусад хохирогч нарын төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тухайн иргэдийн төлөөлөл "140 сая төгрөгөөр "IHC" гэдэг койныг авсан. Ийм мөнгөөр авсан койн тав хоногийн өмнө зургаан сая төгрөг болтлоо унаад байна. Бүтэн жилийн хугацаанд өглөө босоод л койноо харахад уналттай байсан тул сэтгэлээр унаад нэг жилийг үдсэн. Дахиад хакердуулаад зургаан сая төгрөг маань хоёр сая болсон. Койн гэдэг зүйлийг анх гарахад Санхүүгийн зохицуулах хороо, цагдаагийн байгууллага яагаад анхааруулж мэдээлэл өгөөгүй юм бэ? Тиймээс миний хувьд дуу хоолойгоо хүргэх гэж ирлээ.
“IHC” койн гаргасан хүмүүс цахим орчинд байнга стори хийж, итгэл төрүүлдэг. Гаргасан ханшнаасаа унахгүй алтаар баталгаажсан койн гэж байсан. Унасан байсан ч ав гэдэг. Дансандаа мөнгөтэй байсан болохоор өдөр болгон аваад байсан. Унаад байхад нь л О.Мөнхжингийн ярьж буй зүйлд нь найдаж байлаа.
142 сая төгрөгөө хоёр сая төгрөг болгоод сууж байна. Хүүхдээ тусад нь гаргахад байрны урьдчилгаагүй болсон. Эрүүл биетэй, ажилтай тулдаа л амьдарч байна. Над шиг мянга мянган хохирогч нар байгаа байх. Аав, ээждээ ашигтай байна гэж хэлээд 16 сая төгрөгөөр нь койн авахуулсан. Намайг хэн ч койн аваарай гэж хүчлээгүй ч сэтгэл зүйд нөлөөлөх мэдээлэл хийдэг. Гэхдээ л хүмүүс урамшуулал зарлаж, уриалдаг. 142 сая төгрөг бол миний насаараа хураасан мөнгө. Хашаа байшингаа зараад, цалингийн зээл авсан. Ах дүү хамаатан садан маань ч бий.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй биржүүд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг уу, хэн хяналт тавьдаг вэ? Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад өгөөч. Надтай адил олон хүн тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн болов уу гэж бодож байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй компанийг хянадаг байх нь зөв.
"IHC" болон бусад койн гаргаж буй үйл ажиллагааг хянаж өгөөч гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагад бичгээр өгсөн. Дахиад хүмүүс битгий хохироосой. Хохирсон бол цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаасай гэж бодож байна" гэдгийг хэллээ.
Харин иргэн С.Дүүрэнбилэг "Минийх хувьд хашаа байшингаа зарсан мөнгөө байрны урьдчилгаанд төлөх гэж байсан. Мөн машинаа зарсан юм. Одоо эгчийндээ ээжтэйгээ амьдарч байгаа. Орон гэргүй болсон.
Үнэнийг хэлэхэд дотор харанхуйлж байна. Үнэхээр хэцүү юм. Би такси үйлчилгээнд явдаг энгийн нэг залуу.
Мөнгөөрөө "IHC", "SB" койн аваад, одоо 90 хувийн уналттай байна. "SB" койноо саяхан хакердуулаад биржээсээ алдсан. Coinhub дээр байсан юм. "IHC" койн 33 сая гаруй төгрөг байсан бол дөрвөн сая төгрөгтэй үлдсэн байна. Ойр дотнын хүмүүсийнхээ яриагаар л койн авсан.
Надтай адил хохирсон хүмүүс зөндөө байгаа учраас дуу хоолойгоо хүргэж байна" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!