Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙР СУУРЬ: Сонгуулийн тогтолцоог яаж өөрчлөх вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурлын сонгууль 2024 онд болно. 

Түүнээс өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь тодорхой болоод байна. Иймд хэрхэн өөрчлөх байр суурьтай байгааг нь УИХ-д суудалтай гурван намын төлөөллөөс тодрууллаа. 

Монгол Ардын Нам

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан:

-Манай нам байр сууриа 2022 оны тавдугаар сард илэрхийлж байсан. Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт хийж, парламентын гишүүний тоог нэмэгдүүлэн, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдийн саналыг гээхгүй байх нь зүйтэй. 

Мөн гишүүдийн тоог нэмэгдүүлж, парламентын төлөөлөх чадвар сайжирснаар энгийн иргэдийн төлөөлөл парламентад сууж, төлөөлж чадах боломжийг бий болгох нь юу юунаас илүү чухал юм байна гэж үзэж, байр сууриа илэрхийлсэн. 

Мажоритар тогтолцоог маш олон жил ард түмэн шүүмжилсээр ирсэн байдаг. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын үндэс нь энэ байхыг үгүйсгэхгүй. 

Учир нь нэг тойрог дээр очоод өрсөлдөж байгаа өрсөлдөгчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн парламентын гишүүнээр сонгогддог. Хамгийн олон санал авч байгаа нь буюу сонгуулийн хуучин хуулиар сонгогчдын 25 хувиас дээш санал аваад гишүүн болдог.

Гэтэл цаана нь 75 хувийг нь төлөөлөх төлөөлөгч парламентад алга байгаа нь сул тал. Иймд энэ сул талыг эрх баригч намын зүгээс арилгая, парламент олон иргэнийг бас олон түвшний иргэдийг төлөөлөх чадамжтай байх ёстой.

Нөгөө талаар олон намын оролцоог хангасан парламентын тогтолцоог бий болгож байж, нийгэмд үүсэж байгаа олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.

Ардчилсан Нам

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа:

-Сонгуулийн тогтолцоо нь хуулиараа 2023 оны долдугаар сарын 1-ний дотор батлагдсан байх ёстой.

Монгол Улсад шийдэгдээгүй үлдсэн улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудал байгаа нь сонгуулийн хуулиас болж байгаа нь үнэн. Хөгжлийн талаар УИХ-ын гишүүд ажилладаг байх ёстой. Орон нутгийн хөгжлийн аймгууд нь хийж чадна. Монгол Улс нийтдээ яаж хөгжих вэ, цаашлаад бүс нутагтаа яаж бид том тоглогч болох вэ, эрчим хүч, байгаль экологийн чиглэлд яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. 

Манайх маш их зэсийн, нүүрсний баялагтай, газрын ховор элементүүдтэй ийм улс орон бол дэлхийд хөгжлөөрөө даналзаж байх ёстой. 

Швед, Финланд гээд хурдацтай хөгжиж байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ нь өндөр орнуудыг харахад голчлон 100 хувь пропорционал байдаг.

Манай улсад 100 хувь пропорционал байх нь арай тохирохгүй байх. Учир нь, бид эхлээд улс төрийн намуудаа төлөвшүүлэх хэрэгтэй. Иймд холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, мажоритар ба пропорционалтай хослуулах. Пропорционал тогтолцооны сайн тал нь улс төрийн намууд төлөвшдөг. Бүгд нэг завин дээр суудаг, үзэл баримтлал ярьдаг, түүнийгээ ард түмэндээ танилцуулдаг. Бид Засгийн эрхийг авбал хөгжлөөр замнана, эдийн засаг ийм байна, нийгмийн асуудал нь ийм байна гэдэг нь пропорционал тогтолцоон дээр л гарч ирнэ.

76 жижиг мажоритар дээр хөгжил нэг их ярьдаггүй. 

ХҮН нам

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд:

-УИХ-ын гишүүний хувьд, мөн ХҮН намын даргын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд сонгуулийн тогтолцоог өөрчил, парламентын тогтолцоогоо бэхжүүл гэх байр суурьтай байгаа.

Тогтолцооны тухай асуудлыг тодорхой болгоод Үндсэн хуульдаа хийж цоожлохгүй бол сонгууль бүрийн өмнө дүрмээ өөрчилдөг. Эрх барьж байгаа нам өөртөө зориулж, "дуугаа захиалдаг" энэ байдлаас болж, иргэдийн нийтийн төлөөлөл хангагдахгүй байна. 

Нийт гишүүний 50 хувь нь пропорционал хэлбэртэй буюу нэг тойргоос сонгогддог байх нь зөв. Тэд нар нь хөгжлийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг байх ёстой. Монгол Улсын онцлог нь газар нутаг томтой, хүмүүсийг төлөөлөхөөс гадна газар нутгийг төлөөлөх онцлогтой гэж судлаачид ярьж байгаа. Иймд үлдсэн 50 хувь нь 21 аймгаа төлөөлөх мажоритар тогтолцоо байж, холимог системээр явах нь зөв. 

Өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд нийт эдийн засаг 13-14 дахин өссөн бол Монгол Улсын төсөв 55-60 дахин өслөө. 30 гаруй тэрбум ам.долларын өртэй. Улсынхаа эдийн засгийг 2-3 нугалах хэмжээний өр гэсэн үг. Төсөв халамжийнх болсон. 

Тойргоос хамаарахгүйгээр ирээдүй үе рүүгээ чиглэсэн бодлого явуулахгүйгээс болоод зөвхөн өнөөдрийн иргэдээс санал авах нь чухал гээд төсвөө тэр чигээр нь халамж болгоод, тойрог бүрд соёлын төв, угтах үдэх хаалга гээд барьсаар байгаад энэ улс хөгжихөө байлаа. Төсвийн үр ашгийн үзүүлэлтээр Африкийн улсуудын дараа орчихлоо, бодит байдал нь энэ.