Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нэтфликс компани түүхэндээ хамгийн олон Солонгос контентыг 2023 онд үзүүлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2023 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн стриминг үйлчилгээний томоохон тоглогч Нэтфликс компани 2023 онд Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран нийт 34 кино, цуврал, реалити шоу гаргахаар төлөвлөсөн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

“Өнгөрсөн онд манай платформын дэлхийн 90 гаруй улсын топ 10 жагсаалтад Солонгосын уран бүтээлүүд тогтмол багтаж байлаа. Нэтфликсийн хамгийн өндөр эрэлттэй гурван контент бүгд Солонгосынх байна” гэж Нэтфликс Кореа компанийн дэд ерөнхийлөгч Дон Кан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

“Тиймээс энэ онд бид Солонгос контентын хүрээгээ өргөжүүлж, Нэтфликсийг Солонгос контентын гол эх сурвалж болгохоор үргэлжлүүлэн ажиллах болно” гэж тэр бичжээ.

Энэ онд дэлгэцэнд гарах бүтээлүүдийн дотор 1945 оны мангасуудтай хийх тэмцлийг харуулсан “Gyeongseong Creature”, уран зөгнөлт “Black Knigth”, Японы колоничлолын үеийн эх орончдын түүхийг харуулсан “Song of the Bandits” зэрэг цувралууд багтаж байна.

Бас хайр дурлалын сэдэвтэй “A Time Called You”, “Behind Your Touch”, “Crash Course in Romance”, “Destined With You”, “Doona!” зэрэг бүтээлүүд гарах юм.

Эдгээрээс гадна өмнө нь зах зээлд гарсан бүтээлүүдийн үргэлжлэл энэ онд гарахаар болсон байна. Тухайлбал өшөө авалтын сэдэвтэй “The Glory” цувралын хоёрдугаар бүлэг ирэх гуравдугаар сард гарах юм. Энэ цувралын эхний бүлэг нэгдүгээр сарын эхний долоо хоногийн Нэтфликсийн англи биш хэлтэй бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлж байв.

Энэ онд Нэтфликс бас Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн зургаан ширхэг уран сайхны киног үзүүлэхээр болжээ. Эдгээрийн эхнийх нь болох уран зөгнөлт триллер “Jung_E” өнөөдрөөс цацагдаж байна.

 

Эх сурвалж: Yonhap News