Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн жүжигчин Алек Болдуины санамсаргүй үйлдсэн хүн амины хэрэгт ял оноохоор төлөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Rust” киноны зураг авалтын үеэр санамсаргүй сум алдаж, зураглаачийн аминд хүрсэн хэрэгт Холливүүдийн од Алек Болдуиныг буруутгаж, ял оноохоор төлөвлөснөө уг хэргийг шалгаж буй прокурор өчигдөр мэдэгджээ.

2021 оны аравдугаар сард болсон энэхүү золгүй явдлын үеэр Болдуин Colt.45 загварын гар буутай зураг авхуулж байхдаа сум алдахад зураглаач Халина Хачинс алагдаж, найруулагч Жоэл Соуза шархадаж байв.

Холливүүдийн одтой цуг кино зураг авалтын үеэр зэвсэг хэрэгсэл хариуцаж байсан Ханна Гутеррез Рид бас шийтгүүлэхээр болсныг Нью-Мексико мужийн нэгдүгээр тойргийн прокурор Мэри Кармак-Алтвейз мэдээлжээ.

Хэрвээ шүүх ялыг баталбал тэд хоёул 18 сар хүртэл хугацаагаар хоригдож, $5,000-ын торгууль хүлээх юм байна.

“Нью-Мексико мужийн хуулийн дагуу нарийвчлан шалгахад Алек Болдуин болон зураг авалтын багийн гишүүнд ял оноох хангалттай нотолгоо олдсон. Тиймээс миний бодлоор хэн ч хуулийн дээр байх ёсгүй, бүгд тэгш эрхтэй байх ёстой” гэж Алтвейз мэдэгджээ.

Болдуин зургийн багийнхан түүнд буу сумгүй, хоосон гэж хэлж байсныг хэд хэдэн удаа мэдүүлсэн юм.

Түүний өмгөөлөгч прокурорын дүгнэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

“Ноён Болдуин буунд сум байгаа гэдэгт итгэх ямар ч үндэслэлгүй. Тэр хамтран ажиллаж байсан мэргэжилтнүүдэд бүрэн итгэсэн. Тиймээс бид ялыг эсэргүүцэх болно” гэж өмгөөлөгч Люк Никас хэлсэн байна.

Энэхүү осол Холливүүдийн ертөнцийг шуугиулж, кино зурагт жинхэнэ буу ашиглахыг хориглох уриалга гарч байсан юм. Гэхдээ ажиглагчид кино урлагийн салбарт галт зэвсэгтэй харьцах зохицуулалт хангалттай байгаа, дээрх тохиолдол золгүй явдал байсан гэж үзэж байгаа.

Өнгөрсөн онд Болдуин 42 настайдаа амиа алдсан Халина Хачинсийн гэр бүлтэй тохиролцоонд хүрснээ мэдэгдэж байв.

Тухайн үед уран бүтээлчид кино зураг авалтаа энэ онд дахин эхлүүлэх, ингэхдээ талийгаачийн нөхрийг гүйцэтгэх продюсерээр ажиллуулах болсноо зарласан юм.

 

Эх сурвалж: AFP