Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон сүүлт одыг харсан сүүлчийн хүн болох боломж тохиож байна

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Одон орон судлаачид өнгөрсөн оны гуравдугаар сард хий, тоосонцор, чулуулгаас бүрдсэн мөсөн бөмбөлөг буюу Comet ZTF нэртэй ногоон өнгийн сүүлт одыг анх илрүүлсэн юм.

Уг сүүлт од нь энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр сүүлчийн удаа дэлхийн оршин суугчдад үзэгдэх гэж байгаа юм.

Өмнө нь 50,000 жилийн өмнө ганцхан удаа ийм боломж гарч байжээ.

Өөрөөр хэлбэл дэлхий дээр Неандертальчууд амьдарч, орчин үеийн хүний өвөг дээдэс Африк тивээс гадагш анх удаа хөл тавьж байх үед ногоон сүүлт од дэлхийд нэг удаа ойртсон юм байна.

Тухайн үед дуран, телескоп байгаагүй тул эртний хүмүүс үүнийг ажиглаж чадаагүй гэж судлаачид үзэж байна.

Харин одоо сүүлчийн боломж юм. Учир нь ногоон сүүлт од дараагийн удаа дэлхийд дахин ойртохгүй, нарны аймгаас гарч явах юм байна.

Тиймээс ногоон сүүлт одыг харсан сүүлчийн хүн болох боломж байгаа юм.

Дэлхийн бөмбөрцгийн умард хагасын оршин суугчид нэгдүгээр сарын 21-ний үүрээр ногоон сүүлт одыг харах боломжтой гэнэ.

Энэ шөнө сар харагдахгүй, тэнгэр харанхуй байх тул сүүлт одыг ажиглахад хамгийн тохиромжтой байх тухай NASA мэдээлжээ.

Дараа нь хоёрдугаар сарын эхээр ногоон сүүлт од дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын оршин суугчдад харагдах юм байна. Энэ үед сүүлт од дэлхийгээс сар хүртэл зайнаас 109 дахин хол байх ч гэрэлтэлт нь хангалттай хурц байх тул ажиглах боломжтой гэнэ.

Дурдагдсан хугацаануудад ногоон сүүлт одыг телескопоор, дурангаар, бүр нүдээрээ ч харах боломж гарахыг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Хотын гэрлээс холдож, түнэр харанхуй орчинд очвол олж харах магадлал улам нэмэгдэх гэнэ.

Ногоон сүүлт одыг яаж олж харах зааврыг earthsky.org сайтад дэлгэрэнгүй тайлбарласныг энэ холбоосоор үзэх боломжтой.

 

Эх сурвалж: Business Insider