Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чулуудай: "Грайндлайн" ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хууль зөрчөөгүй тул өөрсдөө хуулийн байгууллагад хандан, шалгуулж байсан

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол дэх өдрөө үргэлжилж байна.

ТОСК ТӨҮГ-ын зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 12 хүнийг нэмж гэрчээр дуудан оролцуулж буй. 

Эдгээрийн нэг болох Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай Түр хорооны дарга Б.Энхбаярын асуултад хариуллаа. 

- "Шинэ эрин констракшн" ХХК-ийг та мэдэх үү?

- Мэдэхгүй.

- "Бэрэн" групп ХХК-ийн … данснаас “Бэрэн группээс гэрээний төлбөр” гэсэн утгатай хоёр тэрбум болон 3.5 тэрбум төгрөгийн гүйлгээг "Грайндлайн" ХХК-ийн дансанд хийсэн байна. энэ ямар утгатай гүйлгээ вэ?

- Энэ нь Бэрэн групп болон иргэн Чулуудай нарын хооронд хийсэн гэрээний төлбөрт өөрийн 100 хувийн өмчлөлд байсан "Грайндлайн" ХХК-ийг хувьцаа эзэмших гэрээгээр шилжүүлсэн байдаг. Энэ гэрээний дагуу төлбөрүүд хийгдсэн. Гэрээнд төлбөрийн зориулалт тодорхой байдаг.

- Та аавыгаа Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байхад ТОСК-ын төсөлд орсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх яриа байдаг. Шинжээчийн дүгнэлтэд ийм зүйл байгаагүй. Та хүсвэл тайлбар өгөх боломжийг олгоход бэлэн байна?

- 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалт хийгдсэн. "Грайндлайн" ХХК-д БЗД-ийн 11 дүгээр хороонд болсон төсөл дээр 14 компанитай өрсөлдөж, олонхын саналыг авч төслийн гүйцэтгэгчээр шалгарсан. Тухайн үед процессыг хуулийн дагуу болсон эсэхийг АТГ-т хандан шалгуулж байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүн алга гэсэн хариуг албан ёсоор бичгээр өгсөн байдаг.

Улмаар улс төр болон эдийн засгийн нөлөөллийн улмаас төслөөс гарах болсноо гэрээний дагуу иргэдэд мэдэгдсэн. Иргэдийн зөвшөөрлөөр компаниудад хандсаны дунд "Бэрэн" групп байсан. Тэгээд "Бэрэн" групптэй хэлэлцээр хийж, Грайндлайн компанийн гаргасан зардлыг төлөөд, төслийг үргэлжлүүлээч гэсэн. Хоёр талаас тохиролцон хувьцаа худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байдаг.

Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэхдээ анхнаасаа хууль зөрчсөн зүйл байхгүй байсан тул өөрсдөө хуулийн байгууллагуудад олон удаа хандаж шалгуулж, олон нийтэд ил тод байсан" гэв.