Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Зураач Ц.Ойдовын бүтээсэн төрийн сүлдийн төсөл хүчин төгөлдөр үлдэж байжээ

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаарх түүхийг сөхөж байна.

Монгол Улсын Их цааз(Үндсэн хууль)-ын төслийг 1991 оны зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж дүгнэсэн бөгөөд иргэд Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өөрсдийн санал бодлоо ирүүлсээр байжээ.

Төслийг нийт 7 мянга гаруй байгууллага, 900 мянга гаруй хүн оролцон хурлаар хэлэлцэж байв. Давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гарсан байна. Эдгээ саналыг яам, тусгай газар, нам,эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, хотын гүйцэтгэх захиргаад шүүж үзээд яам,байгууллага,орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудыг түүгээрээ ярилцаж, төсөлтэй шууд холбогдох 8 мянга гаруй саналыг түүвэрлэн комисст ирүүлж байж.

Монгол Улсын Их цааз(Үндсэн хууль)-ын төслийг хэлэлцэж байх үед ард иргэдээс Төрийн сүлд, далбааны төсөл, загварын талаар олон санал ирж байснаас

  • Ихэнх хэсэг нь тухайн үеийн сүлд, далбааг хэвээр үлдээх
  • Өөр хэсэг нь сүлдийг “соёмбо”, далбааг хөх өнгөтэй болгож өөрчлөх
  • Гурав дахь хэсэг нь 1960 оноос өмнөх уламжлалыг сэргээхийг санал болгожээ. 

Энэ асуудал нь зөвхөн хууль зүй төдийгүй түүх, улс төрийн, бас урлаг, утга зохиол судлалын олон талтайг харгалзан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын тусгай хэсэг байгуулж, хөдөлмөрчдийн саналыг тусад нь нэгтгэн судалсны үндсэн дээр цагаан цэцгэн дээр суурилуулсан соёмбо бүхий өмнөх хувилбарыг өөрчлөн боловсруулж, тухайлан хэлэлцүүлэх зэргээр ажиллажээ.

Ингээд өмнөх бэлэн загварыг сэргээх амархан, харин арай шинэлэг санаа бүхий хувилбаруудыг олон түмэн, Ардын Их Хурлын депутатуудад толилуулж, сонголт хийх нь зүйтэй гэж Улсын Бага Хурал үзээд шинэ хувилбарыг хэлэлцүүлэхээр болжээ.

Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан сүлдийн талаар хоёр хувилбарын санал хураалгасан. Эхлээд цөөнхийн санал болгосон соёмбо голлосон сүлдтэй байх томьёоллоор санал хураахад 64 хувь нь татгалзжээ. Мөн 1960 онд баталсан сүлдийг хэвээр үлдээе гэсэн санал хураахад 54 хувь нь зөвшөөрсөнгүй. Ингээд өмнө нь 85 хувийн саналаар батлагдсан зураач Ц.Ойдовын бүтээсэн сүлдийн төсөл хүчин төгөлдөр үлдсэн юм.

Төрийн бэлгэдлийн талаар иргэдээс 150 гаруй санал, загвар ирүүлж байжээ.