Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хохирогч охины өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлгийн талаар "Энэ хэрэг дээр шинжээчийн дөрвөн дүгнэлт гарчхаад байгаа.
Эхний хоёр шинжээчийн дүгнэлт "Хөнгөн" гэж гарсан. Дараа нь гурван шинжээч оролцсон дүгнэлт нь "Хүндэвтэр" гэж гарсан бол таван шинжээчийн дүгнэлт нь "Хүндэвтэр" мөн гэж гарсан.
Хамгийн сүүлийн дүгнэлт гаргахад зөвлөхөөр оролцсон н.Ганболд эмчийг шүүх хуралд оролцуулан, эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүллээ.
Сая Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамтаар хуралд оролцсон. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж, охины гэмтлийн зэрэг "Хүндэвтэр" гарсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.
Шинжээчдийн эхний хоёр удаагийн дүгнэлт нь эдгэрэлтийн хугацаанд буюу аравдугаар сарын 14, 24-нд гарсан. Гэмтсэнээс 10 гаруй хоногийн дараагаар гарч эхэлсэн юм. Тухайн үед шарх эдгээгүй байсан. Эхний хоёр шинжээчийн дүгнэлтийн нэгдэх хариулт буюу "Хөнгөн" гэмтэл гэдэг нь үнэн. Гэхдээ гэмтлийн шалгуур үзүүлэлтээрээ эдгэрэлт, үйл ажиллагаа сэргэх хугацаа нь 28 ба түүнээс дээш хоног болохоор ангиллаараа "Хүндэвтэр"-т ордог.
Сүүлийн хоёр шинжээчийн дүгнэлт гарах үед хөл нь бүрэн эдгээгүй байсан учраас эдгэрэлтийнхээ хугацаагаар "Хүндэвтэр" болсон. Мөн шарх бохирлогдсон байсан. Ингэхдээ гаднаас халдвар авсан байсан. Үүнийг Ч.Маралмаагийн өмгөөлөгч нь хүүхэд эмнэлгээс гарснаас хойш аав, ээжийнх нь асаргаа муу байснаас шарх бохирлогдсон гэж маргаад байгаа. Гэтэл үгүй. Аравдугаар сарын 21-нд нян судлалын шинжилгээ хийхэд шарх халдвартай байсан. Гэмтлийн эмнэлэгт нян устгах чиглэлийн антибиотик эмчилгээ хийгдсэн. Охин аравдугаар сарын 26-нд эмнэлгээс гарсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!