Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

СТАНДАРТ: Хэтэрхий олон догол, өнцөг булантай амины орон сууцны дулаан алдагдал их, цантах магадлал өндөр

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Амины сууц барихад мөрдөх стандартын төслийг Хотын стандарт, хяналтын газраас нийтэд зарлаад байна.

Уг төсөлд тусгаснаар амины сууцны өрөөний цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр 3 цаг байхаар тооцож төлөвлөх ёстой аж.

Амины орон сууц барихад анхаарууштай зүйлс

  • Хэтэрхий олон өнгийлт, доголтой, олон өнцөг булантай барилга барихаас зайлсхийх. Учир нь угсарч барихад хүндрэлтэйгээс гадна дулаан алдагдал их болж цантах магадлал өндөр байна.
  • Гол том цонхоо урд талдаа гаргаж баруун зүүн талдаа цөөвтөр цонхтой, хойд талдаа цонхгүйгээр төлөвлөхийг хичээх хэрэгтэй.
  • Барилгын байршлыг сонгохдоо нөмөртэй, нарны тусгал саадгүй тусдаг газар сонгоно.
  • Өрөө тасалгааг гадна орчноос хамгаалах мөн үндсэн бүтээцүүдийн бат бэх, тогтвор эдэлгээ, галд тэсвэрлэлт хүрэлцээтэй байх, дулаан тусгаарлах чадвар сайн байх ёстой.
  • Зочдын өрөөг гал тогоотой ойр, гаднаас орох хаалга үүдний өрөөтэй ойр нэг төвшинд төлөвлөх
  • Өвөө, эмээгийн өрөөг нэгдүгээр давхарт төлөвлөх
  • Унтлагын өрөөг хөл хөдөлгөөн, дуу чимээ багатай газар нэлээд гүнд, усанд орох өрөөтэй ойр төлөвлөх
  • Бага насны хүүхдийн өрөөг эцэг эхийн өрөөтэй ойр төлөвлөх зэрэг шаардлага тавигдана.

Дэд бүтэц

  • Барилгын суурь суулгах хамгийн бага гүний хэмжээ хадан биш хөрсөнд газрын гадаргуугаас доош 500 мм буюу зоорийн хэсгийн шалны түвшнээс доош 400 мм байна.
  • Бохир усны цооногийг цэвэр усны эх үүсвэр, гол горхиноос 50 метрээс багагүй зайд, гэр, сууцны барилгаас 10 метрээс багагүй зайд газрын хэвгийн доод талд салхины ноёлох чиглэлийг харгалзан байрлуулна.
  • Цахилгаан халаалтын эх үүсвэр ашиглах тохиолдолд хэмжих хэрэгсэл буюу цахилгааны тоолуур, автоматаар асаах, унтраах, тохируулах төхөөрөмжөөр тоноглоно.
  • Халаалтын эх үүсвэрийн удирдлага нь хувьсах боломжтой бол өрөө тасалгааны халаах хэрэгсэлд автомат тохируулга суурилуулна.
  • Шалны цахилгаан халаалт хэрэглэх тохиолдолд эрүүл ахуйн үүднээс шалны гадаргуугийн температур 29°С -ээс давсан байхыг хориглоно.
  • Нэг айлын орон сууцны цахилгаан хангамжид төвлөрсөн эх үүсвэрээс гадна сэргээгдэх эрчим хүчийг хослуулан ашиглах нь тохиромжтой.
  • Зуухнаас гарах утааны температурыг хэт хөрж тунадас үүсэхээс хамгаалж ханан пийшингийн хэмжээг зөв сонгох, мөн дээвэр буюу халааж буй хэсгээс дээш гарах яндангийн хэсгийг шатдаггүй материалаар дулаална.
  • зураг
     
  • Амины сууц нь хөрсний хөрсний бохирдол үүсгэдэггүй гадна жорлон болон дотор ариун цэврийн өрөөтэй байна.
  • Нүхэн жорлонгийн нүхний доторлогоог үл нэвчих материалаар хийж бохирыг соруулж зайлуулна.
  • Аль ч барилга байгууламж дотор гал гарах боломжийг харгалзан барилгаас гадагш гарах гарцыг заавал төлөвлөсөн байна.

Эрчим хүчний хэмнэлттэй пассив, ногоон барилгын төлөвлөлт

зураг
 
  • Пассив барилгыг буулгах үед материалыг олон дахин ашиглах боломжтой байх.
  • Дахин ашиглах буюу “саарал ус” ашиглах боломжтой байхаар төлөвлөдөг.
  • Нарны элчийг бүрэн оруулах зорилгоор цонхыг урд зүг рүү чиглүүлж байрлуулах.
  • Зуны цагт хэт халалтаас хамгаалах зорилгоор мод, эргэн тойрны барилга байшингийн сүүдрийг зөв ашиглах нь чухал.
  • Барилгын авсаархан компакт төлөвлөлт, урд зүг рүү харсан сүүдрэвчтэй битүү шилэн фасад, дулаан эсэргүүцэл сайтай шил ашигласнаар өвөл дулаан алдагдал, зуны улиралд хэт халалтаас хамгаална.
  • Барилгын битүүмжлэл нь гадна талаасаа салхи үл нэвтрүүлэх. дотор талаасаа гадна хийц бүтээцэд уур нэвчихээргүй хүлээн зөвшөөрөгдсөн арга технологийн дагуу гүйцэтгэнэ.

Амины сууц барихад мөрдөх стандартын төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.