-Дахин нийтлэв-
Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай ирж буй туулай жилийн талаар ярилцлаа.
-Энэ жилийн Цагаан сар хэдэнд тохиож байгаа вэ?
-XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиож байна. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болой.
-"Үзэсгэлэн болгогч" хэмээх ёгт нэр ямар утга илэрхийлдэг вэ?
-Ёгт нэр гэдэг бол нэг оныг нөгөөхөөс нь ялгаж байгаа бэлгэдэл, онцлог нэр юм. Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн уламжлалтай. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гарагуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болно.
-Шороон үхрийн зурлагаар шинжилбэл ямар төлөв байдал ажиглагдаж байна вэ?
Үхэр нь: Шороон үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.
Үхэр хариулаач нь: Царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал багатай, хөх гутлаа өмссөн, өвгөн хүн, үхрийн өмнө яаравчлан гүйж явна хэмээн дүрслэгдэв хэмээн судар номонд өгүүлсэн.
ТУУЛАЙ жилийн төлөвийг дээрх зурлагуудаар шинжилбэл: Өвгөд хөгшдөд буюу өндөр дээд суудалтанд сайн, залууст буюу дунд суудалтанд дунд, нялхаст буюу түмэн олонд муу болой. Эрдэмтэн мэргэдийн нийгэмд эзлэх байр суурь идэвхжиж, алдрыг олох.
Аялал жуулчлалд өлзийтэй. Худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрэх, бод малын өсөлт сайн.Үйлдвэр үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлс саад бэрхшээл ихтэй. Галын хүч арвижин, хүмүүн нугууд хоосрох нигууртай. Галын аюулаас сэргийл.
Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүсийн суурь батжих. Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх.
Ард иргэдийн амьдрал улам доройтож, хулгай, дээрэм элбэгших, үймээн самуун, хямрал тэмцэл гарах. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно.
Зарим газар оронд хүйтэн, лус, бадгана чанар өвчин гарах. Ялангуяа, намрын дунд сарын шинийн дөрвөнд өвчин, зовлон дэлгэрэхээс сэрэмжил. Өвс ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац ихэд дэлгэрнэ. Хур цагтаа бууна.
Энэ жил хур тунадас дунд. Жилийн эх ба тэргүүн, дунд саруудад үүл их, мөндөр, цас, хур бороо элбэг. Зарим нутагт хур үлэмж багасна. Зун, намрын улиралд салхи шуурга их, тал хийгээд нам дор газар, өвлийн сар, дөрвөн сарын сүүлд зарим газраа ган хуурай болох. Хүнд сайн, малд муу болой.
Зурхайн ухаанд "хоногийн цөвүүн", "өдрийн цөвүүн" хэмнэлийг өгүүлдэг. Гарч байгаа 2023 оны гуравдугаар сарын 23, есдүгээр сарын 19-ний өдөр өвчин зовлон дэлгэрэх муу, хоногийн цөвүүн хэмнэл тохиож байна. Дүйчин өдөр ном хурдагтай адил дээр дурдсан хоёр өдөрт анхаарч, хурал ном хурвал зүгээр.
-Гарч буй жилдээ юунд анхаарч, урьдчилан сэргийлбэл зохистойг зурхайн ухаанаар шинжилдэг байх?
-Тийм ээ. Аливаа жилийг хатуу, зөөлөн хэмээн ялгах нь буруу. Ялангуяа, зурхайн ухаан нь тухайн жилд урьдчилан сэргийлж, анхаарвал зохистой зүйлсийг хэлж өгдөг.
Тухайлбал, дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх гэдэг нь иргэдэд үйлчилж буй хууль улам чангарна гэсэн үг. Галын хүч арвижин, хүмүүн нугууд хоосрох нигууртай гэдэг нь эд хомс хэмээх утгыг илэрхийлж байна. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно хэмээх нь төрөлт буурна гэсэн утга. Эдгээрийг зурхайн ухаанд өгүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!