Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Нүүрстэй холбоотойгоор ЭТТ-н захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын гишүүд нүүрсний хулгайн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас хүн засагладаггүй, хууль засагладаг байх зарчмыг барьж ажиллаж байгаа.

Эхлээд нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэлье. Энэ асуудлыг Засгийн газар гурван удаа ярьсан. Эрх мэдэлтэй хүмүүс, албан тушаалтнууд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байдаг. Ийм учраас эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн үед олон, олон зүйл тодорхой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүрэн эрхт төлөөлөгч хэд, хэдэн бичгийг АТГ руу явуулсан байдаг.

Нүүрстэй холбоотой хэрэгт гурван төрлийн зүйл яригддаг. Энэ талаар мэдээлэл нэхэж байгаа, жагсаж байгаа, ямар арга хэмжээ авч байгаа тухай асууж лавлаж байгаа хүсэлтэд хариулт өгөхийн тулд АТГ болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч хүргэж байна.

Нүүрстэй холбоотойгоор гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой гурван төрлийн хэрэгт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа юм байна.

Хуульд нийцэж байгаа бол эрүүгийн хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн нэрийг өгөх хүсэлт гаргасан юм. Ингээд нэрс авсан.

  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанийн н.Отгонжаргал, н.Нурлат
  • Төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, мөн компанитай холбоотой холбогдох албан тушаалын хүмүүс
  • Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх зүйлтэй холбоотойгоор Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан н.Доржжүгдэр,  
  • Хил хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай нарт 10 гаруй эрүүгийн хэрэг үүсээд холбогдох яам, агентлаг, төрийн өмчит ААН-ийн хүмүүсийг шалгагдаж байгаа мэдээллийг өгсөн" гэв.

Эрдэнэтийн 49%, Хөгжлийн Банкны хэргийг АТГ шалгаад прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурорын байгууллага хянаад удахгүй шүүхэд шилжүүлэх байх. Өнөөдөр байгуулагдсан Ажлын хэсэг эдгээр хэргүүдийн явцыг олон нийтэд ил болгох, цаг хугацааны хувьд хурдавчлуулна. Гэхдээ хурдавчлуулж байна гээд хүн хэлмэгдүүлэхээс болгоомжлох нь зүйтэйг тодотгов.

Уул уухайн салбарын бүтээгдэхүүнийг хамгийн өндөр үнээр зарахын тулд өрсөлдөөнийг бий болгоно. Өрсөлдөөнийг бий болгохын тулд Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ.

2023 оны эхний улиралд багтаан эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг биржээр худалддаг болох аж.