Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн иргэд автобус хүлээж 1-2 цаг гадаа зогсож байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүйтний эрч чангарч байгаатай зэрэгцээд орой ажил тарах цагаар нийтийн тээврийн автобус явах нь ховордож, иргэд 1-2 цаг хүлээж байна.

Уг нь өглөө, орой оргил ачааллын үеэр богино эргэлтийн автобусны чиглэл, тоог нэмэгдүүлж байгааг Нийтийн тээврийн газраас мэдээлж байсан ч бодит байдал дээр үйлчилгээ нь алга.

Ингээд автобус хүлээн зогсоо зарим иргэний санал, бодлыг сонссон юм.

- Автобус ирэхгүй, хоёр цаг хүлээж байна, хөлдлөө. Өвлийг яаж давна аа.

- Хүйтэнд гадаа удаан зогсохоор эрүүл мэндээрээ хохирох нь.

- Багшийн дээдийн уулзвар хүрэх зам дээр нэг цаг таг түгжирлээ. Замын хөдөлгөөний зохицуулалтыг хийж чадахгүй байна. Нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр гэрлэн дохио, цагдаагийн дохио харгалзахгүй явуулах хэрэгтэй.

- Түгжрэлээс урьтаж эртхэн гараад ч нэмэр алга. Автобус хүлээж зогссоор хамаг цагаа авлаа.

- Сүхбаатарын талбайн замын уулзвараас наагуур богино эргэлтийн автобус явуулмаар байна.

- Хотын удирдлагууд болон Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд нь орой оргил ачааллын үеэр нийтийн тээврийн бодит байдалтай танилцах хэрэгтэй.

- Шинэ автобусуудаа хурдан оруулж ирээч ээ.

- Өөрсдийн байгаа боломждоо тохируулан нийтийн тээврийн автобусыг саадгүй явуулах замын хөдөлгөөний зохицуулалт хийх хэрэгтэй.

"Нэн тэргүүнд хийгдэх ажил нь нийтийн тээврийн парк шинэчлэл, салбарын үйлчилгээ, зохион байгуулалтыг сайжруулах юм. Замын хөдөлгөөний зохицуулалт, хяналтыг сайжруулахад анхааран ажиллаж байна" хэмээн сайд Ж.Сүхбаатар энэ сарын 19-нд хэлж байсан юм. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөөгүйг иргэдийн яриа илтгэж байна.

Энэ оны зургаадугаар сард нийтийн тээврийн 75 шинэ автобусыг үйлчилгээнд явуулж байсан. Харин үлдсэн шинэ автобусуудын тухай Хотын удирдлагуудын зүгээс "Он дуусахаас өмнө 200 гаруй автобус оруулж ирнэ гэж байгаа ч хил гааль дээр хүлээгдэхгүй байгаасай" хэмээн тайлбар өгч байгаагаас өөр зүйл алга.

Хүйтний эрч чангарч өдөртөө - 20, шөнөдөө - 30 хэмийг давж байгаа энэ үед автобус хүлээн зогсоо иргэдээ эрүүл мэндийн эрсдэлд орохоос сэргийлнэ үү хэмээн тэд дайж байна.